Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдийн хөгжлийн индекс буурчээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 6 сарын 5
iKon.MN

"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013” судалгааны үр дүнг танилцууллаа. Тус судалгааг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилттэйгээр Үндэсний статистикийн хороо хийжээ.

Түүвэр судалгааны зорилго нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээллийн тоон үзүүлэлтээр гаргахад чиглэсэн байна.

Энэхүү судалгаа өрхөд суурилан хийгддэг “Хүүхэд хөгжил”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүн ам зүй эрүүл мэнд” гэсэн гурван асуудлыг нэгтгэн судалжээ.

Судалгаанд Монгол улсын нийт өрхийг төлөөлж чадахуйц 15500 өрх хамрагдсан. Энэ нь манай улсын хэмжээнд өмнө хийгдэж байсан судалгаануудаас хамгийн том түүвэр юм.
Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох таблетийг статистикийн салбарт нэвтрүүлснээрээ онцлогтой”  хэмээн ҮСХ-ны дарга С.Мэндсайхан хэллээ.

Судалгааны зарим үр дүнг танилцуулъя.

Хүүхдийн хоол тэжээл

Судалгаагаар 0-5 сартай 10 хүүхэд тутмын 5 нь эхийн сүүгээр дагнан хооллож, 6-8 сартай 10 хүүхэд тутмын 9 нь нэмэгдэл хоолонд орж, 0-23 сартай 10 хүүхэд тутмын 7 нь насандаа тохирсон байдлаар эхийн сүүгээр хооллож байна гэсэн үр дүн гарчээ.

Мөн 0-23 сартай 10 хүүхэд тутмын дөнгөж 3 нь өдөрт идвэл зохих давтамжийн дагуу нэмэгдэл хоол идэж байгаа нь тогтоогджээ.





Хүүхдийн эрүүл мэнд

5 хүртэлх насны хүүхдийн хувьд хамгийн их эрсдэл дагуулдаг аюултай өвчнүүдийн тоонд уушгины хатгалгаа болон суулгалт өвчнүүд зүй ёсоор ордог байна.

Судалгаанд хамрагдсан 5 нас хүртэлх нийт хүүхдийн 4 хувь нь уушигны хатгалгаа өвчин туссан ба эмнэлэгт хандан эмчлүүлсэн хүүхдүүдийн 63 хувьд антибиотик эмчилгээ хийжээ.

Суулгалт өвчний хувьд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 8 хувь нь суулгалт өвчнөөр өвдсөн байна.

Суулгалт өвчний үед шингэн сэлбэх эмчилгээний зэрэгцээ хоолыг үргэлжлүүлэн өгөхийг зөвлөдөг бөгөөд үйлдвэрийн олон гэрийн нөхцөлд бэлдсэн хоросолыг уулгадаг байна.

Хүүхдийн хөгжил

Хүүхдийн амьдралын эхний 3-4 жил нь тэдний оюун ухааны хөгжлийн хамгийн оргил үе гэж үздэг байна.

Манай улсад 3-4 насны хүүхдийн хөгжлийн индексийг 2010 онд анх удаа Олон улсын арга зүйн дагуу тооцоход 88 хувь гарсан бол энэ удаагийн судалгаагаар 76 хувь болж буурсан үзүүлэлттэй гарсан байна.


Төрөлт 

Судалгааны дүнгээс харахад 15-49 насны эмэгтэйчүүдийн сүүлийн 5 жилийн төрөлтийн түвшин хэвээр хадгалагдана гэж үзвэл амьдралынхаа хугацаанд дунджаар 3 хүүхэд төрүүлж байна.

Харин хөдөөгийн эмэгтэйчүүд дунджаар 4 хүүхэд төрүүлж байна.

19 насны 100 охидын 4 нь хүүхэд төрүүлсэн бол 3 нь 18 нас хүрэхээсээ өмнө жирэмсэлжээ. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 50 хувь 22 насандаа анхны хүүхдээ төрүүлж байна.

Гэр бүл төлөвлөлт

Гэрлэсэн эсвэл хамтаран амьдрагчтай эмэгтэйчүүдийн 99,6 хувь нь жирэмснээс хамгаалах арга хэрэгслийг мэддэг бол 54,6 хувь нь ямар нэгэн жирэмснээс хамгаалах арга хэрэгсэл хэрэглэж байна. 

Харин 15-49 насны гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, жирэмслэх боломжтой эмэгтэйчүүдийн 16 хувь нь хүүхэд төрүүлэх хүсэлгүй боловч жирэмснээс хамгаалах арга хэрэглэдэггүй ажээ.

Төрөх үеийн тусламж

Судалгаанд хамрагдсан сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхэд төрөөлсэн эмэгтэйчүүдийн 98,9 хувьд нь мэргэжлийн эмчийн хяналтад хүүхдээ төрүүлжээ.

Тэдний 23,4 хувь нь мэс заслын аргаар төрсөн. Энэ нь ДЭМБ-аас зөвлөдөг \5-15 хувиас хэтрэхгүй байх\ гэсэн зөвлөмжөөс дээгүүр байгаа юм.

Хагалгааны аргаар төрөх нь хотод 26,7 хувь буюу хамгийн өндөр байна.