Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Үг хэл гаргах хүмүүс эрдэмтэн профессоруудын дунд баймааргүйсэн"

ikon.mn
2014 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БШУЯ-аас саяхан бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг  шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор ерөнхий суурь мэдлэгийн хичээлүүд дундаас Монголын түүхийн хичээлийг хасчихлаа гэсэн мэдээ цацагдаад байна. Энэ талаар БШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл”ийн төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнээс тодрууллаа.  

-    Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг шинэчилж баталлаа. Аливаа шинэчлэлийг сайжруулах л гэж хийдэг. Хөтөлбөр шинэчлэгдснээр  ямар давуу тал бий болж байгаа юм бэ?

-    Энэ шаардлага бол өмнө нь БШУЯ-аас их, дээд сургуулиудад тавьдаг байсан шаардлагаас хэд хэдэн онцлог, давуу талтай юм билээ. Хамгийн гол ялгаа нь өмнө нь яамнаас маш олон хичээлийг заавал үзүүлэхээр шаардаж мөрдүүлдэг байсан. Тийнхүү заавал үзэх хичээлийн тоо олон, түүгээр олгох кредит их байсан тул мэргэжлийн хичээлийн цагийг багасгаж байгааг багш, эрдэмтэд, оюутнууд ч их шүүмжилдэг байсан. Харин энэ удаад яамны зүгээс хянаж, заавал оруулахыг шаарддаг байсан хичээлийн тоог эрс цөөрүүлсэн байна.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэрэв заавал судлуулахаар хичээл оруулах бол түүнд ногдох нийт кредитийн хэмжээ 12-оос хэтрэхгүй байхаар заажээ.

Өмнө нь бүх оюутан заавал судлах ерөнхий суурь хичээлүүдийн нийт кредит 40 хүрч байсан гэж багш нар ярьдаг. Одоо бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэрэв заавал судлуулахаар хичээл оруулах бол түүнд ногдох нийт кредитийн хэмжээ 12-оос хэтрэхгүй байхаар заажээ. Энэ нь тус бүр 3 кредиттэй 4 хичээлээс хэтрэхгүй гэсэн үг.

Гэхдээ ерөнхий суурь хичээлийн нийт кредитийг хөтөлбөрийн бүх кредитийн 30 хувь хүртэл байлгаж болохоор тусгасан нь энэ бүлэгт  тус бүрдээ 3 кредиттэй 12 хичээл байж болохоор байна. Үүний 8-аас цөөнгүй тооны хичээлийг сургууль өөрөө шийдэж оруулах юм байна. Ингэж Монголын оюуны чадвар хамгийн өндөр хүмүүс төвлөрсөн институц болох их, дээд сургуулиудад шийдвэр гаргах эрх мэдлийг нь өргөтгөж өгсөн байна.

Тиймээс өмнөхөө бодвол түрүүн хэлсэн олон гомдол, саналуудыг тусгасан шийдвэр болсон. Үүгээрээ сурч байгаа хүмүүст, энэ сургалтыг гардаж явуулдаг хүмүүст ч өөрсдөө ажлаа мэдэж хийх эрх мэдэл, эрх чөлөөг нь нэмж өгсөн байна. 

-    Ерөнхий суурь мэдлэгийн хичээлүүд дундаас Монголын түүхийн хичээлийг хасчихсан гэдэг яриа дэгдээд байна. Үнэн юмуу?

-    Дээр дурдсан нийтлэг шаардлагад ийм зүйл байгаагүй. Яамнаас заавал судлах хичээлийн тоогоо  цөөлсөн, харин яг ямар хичээл үүнд хамаарах тухай жагсаалт удахгүй гарах юм байна гэж ойлгогдож байна. Мөн дээрх нийтлэг шаардлагад хавсаргасан зөвлөмжид ерөнхий эрдмийн суурь хичээлээр оюутанд ямар мэдлэг, чадвар, чадамж эзэмшүүлэхээр төлөвлөх чигийг тодорхойлсон байсан. Тэр зөвлөмжид Монголын түүх, соёлын талаар мэдлэгээ өргөтгөх, гүнзгийрүүлэх хичээл байхаар тусгасан юм билээ.

Яг ямар нэртэй түүхийн хичээлийг хэн гэдэг профессор заахыг сургууль өөрөө шийдэх нь. Ингэхээр яам ямар нэг албан ёсны жагсаалт гаргаагүй байсан ч сургууль өөрөө дээрх 8 хичээлийн 24 кредитээс хэдийг түүхийг хичээл болгохыг шийдэх эрх мэдэлтэй байна. Хамгийн гол нь багш нарын хичээл оюутан сонгохуйц шилдэг байх нь чухал  Нөгөө талаас тодорхой хэмжээний хариуцлага байгаа. Өмнө нь яамнаас албан ёсоор тогтоосны дагуу заавал заадаг хичээлүүд олон байсан. Ийм хичээлийг заах багшийн хувьд санаа зовохгүйгээр бүх оюутанд тулгаж заадаг байсан болохоор амар хялбар байсан биз.

Гэтэл одоо өөрөө агуулгаа шинэчилж, сайжруулж, оюутанд сонирхолтой болгож байж заах болж байна. Тэгэхээр тэр хүн ажиллах хэрэгтэй болно. Ийм ажлаас шантарч байгаа бол тийм хүмүүст хэцүү байх. Өөрийн төвөгшөөсөн зүйлээ зөв байсан ч мушгин иймэрхүү үг хэл гаргах хүмүүс эрдэмтэн профессоруудын дунд баймааргүйсэн.

МУИС, бусад их сургуулиудад Монголын хамгийн шилдэг эрдэмтэд байгаа юм бол энэ хүмүүс өөрт нь мэргэжлийн эрх чөлөө олгож байгааг хамгийн ихээр дэмжиж, талархаж ажлаа хийх байх гэж бодож байна.

-    Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг “самарчээ” гэсэн мэдээлэл гарсан. Тэр яг юу болсон юм бол?

-    Шинэ бүрэлдэхүүнийг харахад яг энэ чиглэлийн ажлыг гардаж хийж байгаа хүмүүсээс түлхүү оруулах гэж хичээсэн байна гэж харагдсан. Нөгөө талдаа өмнө байсныг бодвол энэ зөвлөлүүдийг байгуулахдаа хамрах хүрээг нь их өргөтгөсөн байна гэж ойлгосон. Зөвлөлүүдийн тоог цөөлж, хамрах хүрээ нь өргөсчээ. Ийм болохоор зарим зөвлөлийн хариуцах чиглэлд их олон докторын ажил хамгаалуулах ачаалал ихэсч магадгүй юм. Үүнийг харгалзан тухайн докторын ажлын сэдвээс хамаараад энэ зөвлөл өөрийгөө өргөтгөж, тэр чиглэлээр илүү мэргэшсэн олон эрдэмтдээс оруулах боломж нээсэн байна.

Хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн бол БШУ-ны сайдын тушаалд нэрлэсэн нэрээр хязгаарлагдахгүй.

Нэгэнт хамгаалуулах зөвлөлийн хариуцах хүрээ өргөжиж байгаа болохоор хэлэлцэх диссертацийн сэдэв өргөн баялаг болно, тэр бүх чиглэлээр мэргэшсэн байнгын бүрэлдэхүүнтэй байх нь боломжгүй тул ингэж тохиолдол бүрт өргөтгөж байх тохиромжтой шийдэл хийсэн байна. Тийм болохоор хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн бол БШУ-ны сайдын тушаалд нэрлэсэн нэрээр хязгаарлагдахгүй.

Энэ тушаалд нэр заагдаагүй томоохон судлаачид өөрийн судалгааны чиглэлд хамаарах докторын ажлыг удирдах, хамгаалуулахад уригдан ажиллах юм байна. Ингэж тодорхой ажлын хамгаалалтанд илүү мэргэшсэн эрдэмтдийг оруулах хүрээг өргөтгөсөн нь илүү шүүлттэй, илүү мэргэжлийн бүрэлдэхүүнээр докторын ажилд үнэлгээ хийх нь гэж ойлгосон. Илүү их чангарч байгаа юм болов уу гэж харж байна. Үүнийг хэн нэгэн “самрах” гэж тайлбарлаж байгаа бол лав л энэ ажлын үр дүнд санаа зовсон хүний үг биш гэж бодож байна.