Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС 69 мэргэжлийн чиглэлээр элсэлт авна

Б.Туул
2014 оны 5 сарын 14
Зууны мэдээ
ШУТИС 69 мэргэжлийн чиглэлээр элсэлт авна

Ажилгүй иргэдийн дийлэнх хувийг их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн залуучууд эзэлж байна гэсэн шүүмжлэлийг бид сүүлийн хэдэн жил сонсож байгаа билээ.

Энэ нь их, дээд сургууль, давхардсан мэргэжил хэт олширсонтой холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ жил их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэлүүдийг цөөлж, цэгцлэх ажлыг хийж эхлээд байгаа юм.

Тухайлбал, улсын хэмжээнд 800 гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог байсан бол индексийн шинэчлэлээр 175 орчим:чиглэлээр бакалаврын зэрэг олгохоор болж байгаа аж.

МУИС өмнө нь 180 гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог байсан бол энэхүү мэргэжлийн шинэчилсэн индексээ энэ тоо нь 80 орчим болж буурчээ. Тиймээс энэ удаа 36 мянга гаруй оюутан суралцдаг ШУТИС мэргэжлийн чиглэлүүдээ хэрхэн цөөлж, эмхэтгэснийг сонирхов.

ШУТИС өмнө нь нийт 137 бакалаврын мэргэжлийн чиглэл, индекстэй сургалтын хөтөлбөрийг мөрдөж байсан. Үүнээс инженер, технологийн чиглэлийн хөтөлбөр 106, нийгмийн ухаан, менежмент, гадаад хэл, дизайны чиглэлийн хөтөлбөр 31 байсан.

Харин энэ онд шинэчилэн баталсан хөтөлбөрийн индексийн дагуу инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн индексийн тоо 69 болж цөөрсөн гэдгийг гэдгийг тус сургуулийн ректор Б.Очирбат хэлж байна. Тэрээр Мэргэжлийн чиглэл индексийг хөтөлбөр болгож хамрах хүрээг өргөтгөснөөр хөтөлбөр нь уян хатан, бэлтгэн гарч буй инженерүүд нь хөрвөх чадвартай болно.

Мөн бакалаврын төвшний инженерийн боловсролыг ерөнхийлж, хэт олон давхардсан мэргэжил болон хичээлүүдийн тоог багасгана. Мэргэжлүүдийн багцын сургалт бодит утгаараа хэрэгжин, сургалтын чанар, санхүүгийн хувьд үр ашигтай болох боломж бүрдэж байна” хэмээн суралцаж буй оюутнууд болон тус сургуулийн элсэгчдэд олон давуу тал бий болсон гэдгийг онцолж байв.

Тухайлбал, олон улсын боловсролын нэгдсэн ангилал, жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулснаар их сургуулийн олон улсад өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.

Сургалтын арга технологид “Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн шинэ систем болох CDIO”-г нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ гэж байв.

Зураг