Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд “за”-гүй Засаг дарга нар

Б.Энхзаяа
2014 оны 5 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг
Хүүхдэд “за”-гүй Засаг дарга нар

Монголд хүүхдийн гэх тодотголтой газар бусад төрлийн байгууллагаас хамгийн олон нь гэвэл хилсдэхгүй.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, түүний дүүрэг, хороо, орон нутаг дахь салбарууд, төрийн бус байгууллагууд гээд нэрлэвэл барагдахгүй.

Гэтэл эсрэгээрээ хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэгт холбогдох тохиолдол жил бүр өссөөр.

Алаг бяцхан үрсээ бүр санаанд оромгүй хэлбэрээр тамлан зовоодог эцэг, эхчүүд бий боллоо. Уг нь хууль тогтоомжиндоо ч хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх, боловсруулах бүх чиглэлд нь цөөнгүй байгууллагын эрх үүргийг тодорхойлсон нь бий. Саяхныг хүртэл хойч үеийнхнийг маань төрүүлсэн гэр бүл нь биш цагдаа нар халамжилж ирсэн.

Тэднийг хүчирхийлэлд өртөх, хараа хяналтгүй болох, гэмт хэрэг үйлдэх бүрт  олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах эрхэм үүрэгтэйгээ эн зэрэгцүүлэн анхаарч байжээ. Харин хүүхдээр овоглосон, үүрэг зорилгыг нь тодорхойлсон хүмүүс, албан байгууллага юу хийв?

ТЭМЦЭХ, ДЭМЖИХ, САНХҮҮЖҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ....

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зарчмаар холбогдсон зүйл анги бий. Нэг үгээр хэлбэл, энэ заалтад орон нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болон дүүрэг, хороо, аймаг, сумын Засаг дарга нарыг онцолсон.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн наймдугаар зүйлд “...харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг мэдээ, судалгаанд үндэслэн өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх, хууль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих...” зэргийг нэрлэж болно.

Харин Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиас дор ишлэсэн хэсгээс Засаг дарга нарын үүргийг бүр ч тодорхой заажээ.

40 ХЭРГИЙН НЭГИЙГ Ч ШИЙДВЭРЛЭЭГҮЙ

Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс өнгөрсөн жил гэмт хэрэгт өртсөн, хараа хяналтгүй хүүхдүүдийг цуглуулж нийгэмшүүлэх, сургах, хаяг тогтоох ажлыг зохион байгуулжээ.

Энэ үеэр дүүрэг, хороодын Засаг дарга нарын эрх хүрээнд хамаарах, тэдний тусламжаар нэг тийш шийдвэрлэх 40 орчим хэрэг байжээ. Тиймээс хүүхдийн байцаагч нар хороо, дүүргийн Засаг дарга нарт хандсан ч эдүгээ нэг нь ч хариу арга хэмжээ аваагүйд гайхаж сууна.

Ер нь дээрх хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш 20 орчим жилийн хугацаанд Засаг дарга нар үүргээ биелүүлсэн тохиолдол бүртгэгдээгүйг цагдаагийнхан хэлж байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд туслалцаа үзүүлдэг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс дүүрэг, хороодын удирдлагуудтай ажиллах шаардлага гардаг ч улс төрийн албан тушаалтан мэтээр ажилладаг болсон тухай тус газрынхан учирлав.

Хүүхдийн төлөө “за” гэж хэлцгээе хэмээн орон даяар уриалж, хүүхдэд ээлтэй байгууллага, албан хаагчид мэтээр энд тэнд ярих нь элбэг. Гэвч бодит байдал ийм л байна.

Зураг