Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

8в ангийнхан 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй утас хэрэглэдэггүй

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
“Сургуулийн орчин-Миний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг

Монгол Улсын боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор тус салбарын эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох ажлыг Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр нэгэн арга хэмжээг зохион байгуулсан нь ЕБС-ийн дотоод дүрмийг сайжруулах боловсруулах зорилго бүхий “Сургуулийн орчин-Миний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг байв.

Тус хэлэлцүүлэгт ЕБС-ийн багш, сурагч, эцэг эх, сургуулийн захирал гээд 650 хүн оролцлоо.

Тэд ЕБС-иудын мөрдөж байгаа дүрмийг шинэчлэн сайжруулах шаардлага бий гэдэгтэй санал нэг ажээ. Энэ ч үүднээс ирсэн төлөөлөгчид өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр 84 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Т.Ганцогттой ярилцсан юм.

Тус сургуулийн 9в, 8в ангийнхан сурагч 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй утас барихгүй гэсэн дүрмийг ангидаа мөрдөж эхэлжээ.

-Танай ангийнхан яагаад ийм дүрэм мөрдөх болов?

84 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Т.Ганцогт

-Үнэтэй гар утас хүүхдүүдийг гэмт хэргийн золиос болоход ихээхэн түлхэц болдог. Иймд бид ангидаа 80 мянган төгрөгөөс дээш үнэтэй гар утас барихгүй, мөн гар утас нь заавал товчлууртай байна гэсэн дүрэм гаргасан.

Энэхүү шийдвэрийг эцэг эхийн хурлаар хэлэлцэж байгаад гаргасан байгаа.

Учир нь сүүлийн үеийн үнэтэй гар утас хүүхдүүдийг facebooк-д донтуулж, хичээлдээ анхаарах анхаарлыг нь саринуулж байна.

-Энэхүү дүрмийг цаашлаад сургууль даяараа нэвтрүүлэх чиглэлээр санал санаачлага дэвшүүлсэн үү?

-Уг нь сургуулийн хурлаар оруулдаг гэхдээ батлагддаггүй гэж байлаа.

Уг хэлэлцүүлгийн үеэр Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгэ ЕБС-иуд ямар асуудлыг дүрэмдээ нэмж оруулах шаардлага байгааг мөн ямар ямар дүрэм зайлшгүй нэмэх хэрэгтэй байгаа талаарх саналаа танилцуулсан юм.

Түүний мэдээллийг танхимд суусан хүн бүр чих тавин сонссон бөгөөд бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгийн дэвшүүлсэн саналуудыг дор сийрүүлье.

БИД ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

  • Эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэгч багш нарыг элдэв үгээр доромжилдог байдлыг зогсоох
  • Сургуулийн хамгаалалтын бүсэд хүүхэд бусдад зодуулах, хүчирхийлүүлэх, автотээврийн осолд өртөх, эд зүйлсээ булаалгах, ахлах ангийнхандаа дарамтлуулдаг байдлыг зогсоох
  • Сурагчид хичээлийн цаг дээр Facebook-д донтох, гар утасны тоглоом тоглодог байдлыг зогсоох
  • Сурагчид буруу зүйл хийсэн ч сургуулиас ямар хөөх биш гэж боддог бодлыг нь өөрчилөх
  • Үнэтэй гар утас, хувцас зэргээрээ уралддаг байдлыг нь таслан зогсоох
  • Төгсөх ангийнхан хонхны баяраа заавал архи дарстай тэмдэглэдэг байдлыг зогсоох
  • ЕБС-ийн ангийн дарга, сурагчийн зөвлөлийн хийх ажлыг тодорхой болгох
Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч О.Сэлэнгэ

СУРГУУЛИЙН ДҮРЭМД ОРУУЛАХ САНАЛ

  1. Төгсөх ангийхан төгсөлтийн баярыг зөвхөн гэрчилгээгээ гардан авч, сэтгэгдэлээ хуваалцдаг баяр болгох
  2. ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, багшийн ажлыг үнэлэхдээ “School police” эргүүлийг хэрхэн амжилттай хэрэгжүүлснээр нь дүгнэх
  3. Эцэг эх хүүхдээ тухайн сургуульд сургах гэрээ хийсэн цагаас сурагчийн эрх үүргийг дэвтэр дээр нь нааж хэвших
  4. 9 дүгээр сарын 1-нийг хонх цохиод өнгөрүүлдэг өдөр бус “Сурагчийн тангараг” өргөдөг ёслолын өдөр болгох
  5. Олон улсад саашаагдсан багш, сурагч, сургуулийн захиргааны алба хаагчдад инээмсэглэн харилцах талаар бодитой өөрчөлтийг хийх
  6. Хичээл орохын өмнө хүүхдүүдэд хөгжим сонсгож байх (Шинжлэх ухааны туршилтаар саашаагдсан)
  7. ЕБС-д ажиллаж байгаа албан тушаалтан хэн ч бай ёс суртахуун болон харилцааны соёлтой, хорт зуршилгүй байх
  8. Хичээлийн явцад сурагчид гар утас, зөөврийн компьютер хэрэглэхгүй байх
  9. Хүүхдэд мэргэжил сонгуулах арга хэмжээг V ангиас нь эхлүүлэх зэрэг саналыг дэвшүүлсэн юм.

Түүний тавьсан энэхүү саналыг хэлэлцүүлэгт оролцсон 650 төлөөлөгч дэмжиж буйгаа илэрхийлж, алга ташиж байлаа.