Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Буцааж болдог бол 15 насандаа очихсон...”

Б.Уран
2014 оны 3 сарын 20
Зууны мэдээ

- Хөндөх сэдэв - 

“Буцааж болдог бол 15 насандаа очихсон...”

Гадаадад их, дээд сургууль төгсчихвөл сайн сайхан амьдрал дагаад ирнэ гэсэн ойлголт манайхны дунд элбэг.

Бидний тархинд бат суусан энэ ойлголтоос болж эцэг, эхчүүд хүүхдээ амьдралд дөнгөж хөл тавьж эхэлж байхад нь харийн нутаг руу явуулж байна.

Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан сүүлийн гурван жил тогтвортой байгаа судалгаагаар ойролцоогоор манай улсын 24 мянган иргэн гадаадад суралцах зорилгоор Монгол Улсын хилээр гарсан байна.

Түүнчлэн хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор 40 орчим мянган иргэн гадаадад суралцаж байгаа дүн гарсан байдаг. 

Тэгвэл “Хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс гадаадад сурч байгаа хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ ямар байгааг судалжээ.

Тэдний хийсэн судалгаагаар гадаадад суралцагсдын 80 хувь нь тодорхой хэмжээнд татаж үзсэн гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл, арван хүн тутмын найм нь энэ аймшигт бодисыг сорж үзсэнээ нуугаагүй аж.

Мөн энэ судалгаанд анх хаана татаж үзсэн бэ гэсэн асуултад бүгд “Үдэшлэг дээр татаж үзсэн” гэж хариулжээ.

Хамаг муу муухай зүйлээ далдуур хийх газраа үдэшлэг гэж эвлэгхэн нэрлэж сурсан монгол залуус харь газар бусдад уруу татагдаж, хар тамхины золиос болсоор байна.

Баримт 1 

“Би Монголд сургуулиа онц дүнтэй төгссөн. Энд МУИС-ийн хуваарь авсан ч гадаадад сургуульд сурмаар байна гэж гуйсаар байгаад Голланд руу явсан юм. Миний сурч байсан газар энэ өвсийг татаж үзээгүй оюутан цөөхөн байсан.

Эхэндээ нэг хоёр удаа, нэг мэдэхэд эргэж буцалтгүй донтсон байсан. Сүүлдээ мөнгө л олдвол өнөөхөө авдаг болсон. Манай нэг найз мансуурсан үедээ зүв зүгээр байсан нүднийхээ зовхийг оёчихсон гээд бод доо.

Толинд харсан чинь бүр зэвүүн харагдаад байсан гэж байгаа юм. Манай нөгөө хоёр найзын гар, цээж, хүзүү гээд энд тэндгүй сорви. Тэнд миний мэдэхийн монгол, гадаад нийлсэн хүний цүнх, түрийвч хулгайлж, дээрэмдээд картнаас нь хакераар кодыг нь гаргаад дансан дахь мөнгийг нь юу ч үлдээлгүй авдаг хэсэг бүлэг хүмүүс байдаг.

Тэгээд л тэр мөнгөөрөө үнэтэй хар тамхи хэрэглэдэг. Тэд Интерполоор эрэн сурвалжлагдаад сүүлдээ баригдсан гэж сонссон. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж би больж чадаагүй.

Нутгаасаа явахдаа 98 килограмм жинтэй байсан бол одоо 45 болсон. Тэнд хоёр жил сурахдаа юу ч сураагүй ийм болоод л ирсэн.”

Энэ бол өөрт тохиолдсон зүйлээ сэтгэлзүйчид нууж хаалгүй ярьсан залуу. Хар тамхи нь архинаас 60 дахин илүү хүчээр донтуулдаг байна. Ямар орчин, ямар нийгэм хүлээж байгааг нь мэдэлгүй харийн нутаг зорьсон бас нэг хүүгийн яриа энд бий.

Баримт 2 

“Намайг М гэдэг. 21 настай. Намайг бага ангид байхад ээж минь Америкт ажиллахаар явсан. Тэгээд би эмээ өвөөтэйгөө Монголдоо амьдардаг байсан.

Ээжээс байнга мөнгө ирдэг болохоор мөнгөөр тасарч үзсэнгүй. Намайг 15 настайд ээж өөр дээрээ авсан юм.

Эхэндээ надад үнэхээр сайхан байсан. Хол байсан ээжийнхээ дэргэд очиж эрхлэх. Гэхдээ тэнд үүнээс илүү сайхан зүйл байсан нь үдэшлэг. Хэний ч хараа хяналтгүйгээр дураараа архи ууж, тамхи татах боломжтой.

Хамт сурдаг америк залуу анх өвс татаж үзэхийг санал болгосон юм. Нэг л мэдэхэд үүнд донтоод дөрвөн жил өнгөрсөн байсан.

Энэ хугацаанд ээжээс худлаа хэлж мөнгө авдаг байсан ч сүүлдээ сургуулийнхаа сургалтын төлбөрөөр хүртэл шууд авдаг болсон. Ээж сүүлдээ намайг мэдэж мөнгө өгөхөө больсон ч би ямар ч хамаагүй аргаар мөнгө олж авдаг байсан.

Би маш хурдан турж, уур уцаартай болж ээжийг мөнгө өгөхгүй бол уурлаж юу хийж байгаагаа ч мэдэхээ больсон.

Албадан эмчилгээнд явуулахад үхмээр санагдан, миний бүх бие янгинаж өвдөж, бүгдийг үзэн яддаг болсон. Удалгүй эмчлэх боломжгүй гээд нутаг буцаасан.

Энд ирээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жил бүр эмчилгээ хийлгэж байгаа ч энгийн байдалдаа орж чадахгүй байгаа. Би одоо сурч чадахгүй, бусдын дунд хэвийн байж чадахгүй байсан. Үүнд хэний ч буруу байхгүйг би мэднэ. Бүгдийг буцааж болдог бол 15 насандаа очихсон”.

Бид энэ сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлаач эмч О.Буянхишигт хандсан юм.

-Танай эмнэлэгт гадаадад сурч байгаад хар тамхинд донтсон хүүхдүүд хэр их ханддаг вэ?

- Сүүлийн үед их ирэх болсон. Насанд хүрээгүй хүүхдийг гадаадад явуулчихаар тухайн орны ёс заншлыг мэдэхгүй, дээрээс нь дасан зохицох орчин нь өөрчлөгдсөнөөс сэтгэцэд нь өөрчлөлт ордог. Мөн нөгөөтэйгүүр хүүхдийг задгай, эрх чөлөөт нийгэм рүү хараа хяналтгүй явуулж байгаа нь бидний буруу.

Барууны орны хүүхдүүд бол өөр нийгэмд өөр хүмүүжлээр өссөн учраас хар тамхины хор хөнөөлийг мэддэг, юуг нь хэрэглэж болох болохгүй вэ гэдгээ ялгана. Харин манай улсын хүүхдүүд үүнд маш бага мэдлэгтэй байна.

Хар тамхинд донтсон хүн эмчилгээ хийлгэсэн ч мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй учраас хэвийн хүн шиг сэтгэж бодож чадахаа болино.

-Өндөр үнэтэй зүйл гэдэг?

-Мэдээж хөрөнгөтэй айлын хүүхдүүд хэрэглэх нь их байна. Учир нь их үнэтэй. Жилд дунджаар 30-40 сая төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Гэсэн ч энэ бол зөвхөн дундаж тоо юм. Эцэг, эх хүүхдээ мөнгөөр хэтэрхий тэтгэснээс ийм байдал үүсч байгаа.

-Донтохоос гадна бусад сөрөг үр дагаврыг тодруулаач?

-Хамгийн аюултай нь тархинд нөлөөлж мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг. Ингэхдээ архи шиг эсвэл тамхи шиг удаан хугацаанд бага хэмжээнд нөлөөлөх биш маш хурдан хугацаанд нөлөөлж тархины эсийг үхүүлдэг.

Ингэснээр эмчилгээ хийлгэсэн ч мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй учраас хэвийн хүн шиг сэтгэж бодож чадахаа болино. Цусаар дамжин бусад эрхтэнд өөрчлөлт өгдөг юм. Сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй болж ааш авир өөрчлөгдөж, бусдын жишгээр биеэ авч явж чадахгүй болно.

-Эмчлэгдэх үү?

-Маш их хүчин чармайлт хөрөнгө мөнгө шаарддаг хэрнээ үр дүнгээ тун бага өгдөг эмчилгээ. Эхлээд эмнэлэгт эмийн эмчилгээ дараа нь сэтгэл заслын, нийгэмшлийн эмчилгээг хийж, эцэг, эхийн тусламжтай эмчилгээг үргэлжлүүлдэг.

Үүнээс гадна эмчлүүлэгч өөрийгөө донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч эмчлэгдэхийг хичээж бүгд тал талаасаа нийлж байж донтолтын өвчнийг анагаана.

Аливаа юмны зөв бурууг ялгаж сураагүй байгаа хүүхдээ эцэг, эхчүүд өөрсдөө буруу сонголт хийхэд нь хүргээд байгаа юм биш биз. Тиймээс ямар нийгэмд хүүхдээ илгээж байгаагаа та бид тунгаах хэрэгтэй болжээ.

Зураг