Г.Жаргалсайхан: ЕБС-ийн нэг ангид 46-аас дээш хүүхэд сурч байгааг 35-аас бага болгох ажлуудыг зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий боловсролын сургуульд 3,000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт нь 46-аас дээш суралцагчтай 77 сургуулийн 1,089 бүлэг байна. Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор 46-аас дээш суралцагчтай бүлгүүдийг задалж шинэ бүлэг үүсгэх, хамран сургах тойргийг шинэчлэх, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, хосолсон сургалтаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг Даргын(НЗД) Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Боловсролын яамнаас боловсролын салбарт зургаан багц шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд нийслэл нягт уялдан ажиллаж байна.

Бид 2022, 2023 онд 30 орчим мянган хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй, сугалаа сугалуулдаг байлаа. Ингээд цэцэрлэгийн насны таван хүүхэд тутмын нэг нь хоцордог байсан. Үүнийг шийдсэн сайн туршлага бий. Энэ туршлага дээр үндэслэн тус ажлыг хэрэгжүүлэхээр нийслэл, Боловсролын яам хамтран ажиллаж байна. Энд хэд хэдэн шийдэл бий. 3,000-аас дээш хүүхэдтэй сургуулиудын ачааллыг бууруулж бүтцийн өөрчлөлт хийнэ. Хоёрт 46-аас дээш хүүхэдтэй ангиудын ачааллыг бууруулж, 35-аас доош оруулах ажлуудыг зохион байгуулна. Ингэхдээ хотхонд нь бага сургуулийн барилгыг түрээслэх, хувийн хэвшлийн сургуулийг авах, цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг авч ашиглах ажлуудыг зохион байгуулна. Мөн төрөлжсөн ахлах сургуулиудыг дүүрэг бүрд байгуулахаар төлөвлөсөн.

2026-2027 оны хичээлийн жилд дүүрэг бүрд нэг ахлах сургуулийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр төрөлжсөн ахлах сургуулиудыг төгсөгчдийн тоо нэмэгдэнэ. Үүнийг байгуулахдаа байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр түлхүү төрөлжүүлнэ” гэв.

Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 178 сургуульд 342,213 суралцагч, хувийн өмчийн 154 сургуульд 70,181 суралцагч, нийт 332 сургуульд 412,394 суралцагч суралцаж байгаа юм.