Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шар хөвийн хоолойд орших 539 га талбайд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж буй.
Өнөөдрийн байдлаар паркийн зам, дулаан, цахилгаан зэрэг инженерийн суурь дэд бүтцийг шийдвэрлэж, хувийн хэвшил бизнесээ эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж эхэлснээр сүүлийн 16 жилийн турш яригдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал бодит ажил хэрэг болох шатандаа оржээ. Өнгөрсөн хугацаанд тус парк нь зөвхөн цахилгааны эх үүсвэртэй, дэд бүтэцгүй хоосон тал газар байсан юм гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Тус паркийн дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийг барих тендерт БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэл шалгарч, 2026 онд барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах юм байна.
Одоогийн байдлаар паркийн эзэмшил газарт 12 Аж Ахуйн Нэгж(ААН), үйлдвэр төслийн талбайд нүүн шилжихээр “Паркийн нэгжийн гэрээ” болон паркт “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулснаас 70 орчим хувь арьс ширний үйлдвэрүүд бол үлдсэн хэсэгт мал төхөөрөх, сүү боловсруулах болон хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд барих аж. Паркийн нийт талбайн 20 орчим хувьд үйлдвэрүүд байрших юм байна.
Цаашид ноос, ноолуур, мах боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт үргэлжлэх бөгөөд инженерийн дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилга угсралтын ажилтай зэрэгцүүлэн дуусгаж, богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкнаас 2023 онд хийсэн түүхий эдийн нөөц болон ажиллах хүчний хүртээмжид тулгуурласан суурь судалгаагаар Эмээлт орчим нь байршлын хувьд хамгийн ашигтай бүс болох нь тогтоогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!