Улаанбаатар хотын нийт цэцэрлэг, сургуулийн сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдэгдлээ.
"Өдгөө бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн 20 хувь нь хоол боловсруулах эрхтэн системийнх байгаа. Иймд ирээдүйн эрүүл иргэдийг бий болгохын тулд цэцэрлэг, сургуулиас эхлэх ёстой" гэж тэрбээр энэ үеэр тодотгож байв.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Сүүлийн жил судалж үзэхэд хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн 80-85 хувь нь хеликобактеритай холбоотойгоор үүсдэг.
Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийг устгахын тулд эхний ээлжид шинжилгээ авна. Дараа нь ариутгах төхөөрөмжүүдийг суурилуулна.
Харин гэрийн орчинд гэр бүл тус тусдаа аяга таваг, халбага сэрээтэй болох, ахуйн орчинд ариутгадаг байхыг зөвлөнө" гэж байв.
Шинжилгээг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас цэцэрлэг, сургууль дээр очиж авна гэж тэрбээр хэлсэн ч санхүүжилт, зардлын талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!