Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгааны болон түлшний хөнгөлөлт эдэлдэг болох талаар хэвлэлээр мэдээлж буй.
Энэ талаар Нийслэлийн Засаг Дарга (НЗД)-ын орлогч А.Амартүвшин "Ногоон оноо гэдэг зүйл бол бидний хэрэгжүүлж буй том ажлын нэг хувь нь юм. Иргэн, төр хоёрын хооронд уялдаа холбоог хангах, нийслэлээс хэрэгжүүлж буй ажлыг иргэдэд мэдээлэх, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлтийг "Hotula" аппликэйшнээр хүлээн авах юм.
Төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн идэвх, оролцоог нь Нийслэлээс онооны системээр үнэлэх гэж оруулж буй санал. Үүнд иргэд оролцох эсэх нь хувь хүний сонголт гэж хэлж болно.
Нэг жишээ дурдахад намайг Хан-Уул дүүргийн орлогчоор ажиллаж байхад "Хүннү 2222" хотхонд траншейний таглаа алга болсон асуудлаар иргэн гомдол гаргасан юм. Энэ асуудлыг шийдүүлэхийн тулд бараг 14 хоног зарцуулсан. Тодруулбал иргэн Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-д гомдол гаргангуут тэр нь цаашлаад хороо, дүүрэг, нийслэл гэсэн шат дамжлагаар явна. Ганц хотхоны асуудлыг шийдэхийн тулд 14 хоногт 10 шатлалаар дамждаг.
Энэ бүтэц өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа. Тиймээс дурын иргэн ямар нэг асуудлыг "Hotula" аппликэйшнээр зургийг нь дараад шууд Нийслэл рүү явуулдаг болно. Ингэснээр нэг цагийн дотор иргэний хүсэлтийг хүлээн авдаг болох юм.
Ийм маягаар иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулсан иргэний үйлдлийг урамшуулах зорилгоор "ногоон оноо"-г өгнө.
Улаанбаатар хотод идэвхтэй иргэд гэхээсээ илүү идэвхтэй шүүмжлэгчид олон байна. Тиймээс Нийслэлийн зүгээс үзүүлж байгаа үйлчилгээг иргэдэд илүү ойр, тогтмол мэдээлэл өгдөг болох нь чухал байна. Хотын зүгээс ажил хийгээд байдаг иргэд мэддэггүй тул ажил хийхгүй байна гэдэг дүгнэлт гаргаж ирдэг.
Иргэн, дүүрэг, хороо, нийслэлийн бүх нэгжүүд нэгдэж ажиллаж байж хотын хөгжил, аюулгүй байдлыг илүү сайжруулах боломжтой.
Нийслэлээс үзүүлж буй үйлчилгээнд ногоон оноогоо зарцуулах боломж бий.
Хотын иргэдийн эрүүл мэндийн идэвх тааруу байна. Сүүлийн таван жилийн хугацаагаар тооцоолоход Улаанбаатар хотын иргэн дунджаар нэг өдөрт 1,500 - 2,000 алхдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан тооцоогоор хүн өдөрт хамгийн багадаа 10,000 алхсан байх ёстой гэж үздэг.
Тиймээс эрүүл иргэнтэй байхын тулд эрүүл үйлдэл хийдэг иргэдийг ногоон оноогоор урамшуулах системийг ашиглах зорилготой.
Гэхдээ одоогоор ногоон онооны журам ч батлагдаагүй байна. Журмаа боловсруулж дуусаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д танилцуулна. Энэ хурлаар батлагдвал үүнийг ажил болгох юм. Үүнийг ажил болохоос нь өмнө манай Нийслэлийн зарим удирдлагууд иргэдэд танилцуулж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэнд хүлцэл өчье" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!