Уншиж байна ...

А.Амартүвшин: Үе тэнгийнхнээ дээрэлхвэл хувийн хэрэг дээр нь бичих хүртэл арга хэмжээ авдаг болно

Б.Бадамгарав, IKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургууль болон дотуур байранд үе тэнгийнхэн дээрэлхэлтийг зогсооход багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын үүрэг оролцоо хамгийн чухал.

Өмнө нь дээрэлхэлт сургууль, дотуур байранд зонхилон гарч байсан бол одоо цахим ертөнцөд 24/7 буюу тасралтгүйгээр хүүхдүүдийг зовоож байна. Зарим хүүхэд бусадтайгаа буруу харьцаж байгаагаа, зарим нь дээрэлхүүлж байгаагаа ойлгохгүй байх ч тохиолдол бий. Иймд үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэрүүд, тэдгээрийн хор уршиг, ирээдүйн амьдралд нь ямар гай тарьж болох эрсдэлүүдийг мэдүүлэх нь бүх талын үүрэг болж байна.

Гэвч нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг, зургийн араас хэдэн өдөр шуугихаас бусдаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь бодит үнэн юм. 

Нийслэлийн удирдлагууд болон олон улсын байгууллагууд дээрх асуудлыг сүүлийн хоёр жил судалж, тодорхой арга хэмжээг авахаар шийдвэрлэж буйг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. 

Тэрбээр "Үе тэнгийнхэн дээрэлхэлтийг зогсооход гурван чиглэлээр ажиллахаар боллоо.

Хүүхдүүд нэгнийгээ

  • аман байдлаар буюу доромжлох
  • бие махбодын буюу цохих, зодох
  • цахимаар дээрэлхэж байна. Энэ бүрд тухайлсан арга хэмжээ авна.

Аман дээрэлхэлтийг зогсооход хувийн хэрэгт тэмдэглэл оруулна. Хүүхдүүд нэгнийгээ элдэв үгээр доромжилж байгаа нь тогтоогдвол хувийн хэрэг дээр нь үе тэнгийнхнээ дээрэлхсэн гэж бичнэ. Ингэж эцэг эхийг хариуцлагажуулна. Танай хүүхэд бусдыгаа ингэлээ тэглээ гэж хэлэхээр эцэг эхчүүд нь нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргадаг. Хэрэв хувийн хэрэгт тэмдэглэл орвол цаашид их сургуульд орох, гадаад сурч боловсроход бэрх болох учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч эхэлнэ. Гэхдээ нэг тохиолдол гарангуут л бичээд байхгүй. Хүүхдүүдэд сануулна, сэтгэл зүйчтэй ярилцуулна, яагаад дээрэлхэж байгаа учир шалтгааныг тогтооно, эцсийн шат бол хувийн хэрэгт нь бичнэ" гэлээ.

Харин бие махбодын дээрэлхэлтийг хэрхэн зогсоох талаар "Сургууль, цэцэрлэгийн дотоод болон гадаах камерууд бүгд нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнийг хиймэл оюунаар хянана. Багш хүүхдүүдтэй зүй бус харьцвал хиймэл оюуныг түүнийг гаргаад ирнэ. Хүүхдүүд хоорондоо зодолдох асуудал гарвал мөн хиймэл оюунаар тогтооно" гэсэн юм.

Цахим дээрэлхэлтийг зогсооход томчуудаас шууд хамааралтай тул өөрсдөө үлгэр дуурайлал байж ёстойг сануулж байв. Түүнчлэн нийслэлийн зүгээс 18 хүртэлх насныхны олон нийтийн сүлжээний хаягийг эцэг эхийн хяналттай болгох, харагдах контент, мэдээлэлд хязгаарлах саналыг оруулж байгаа аж.