2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллийг иргэдээс авч, зөрчил гаргагчид хариуцлага тооцож байгаа бол мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах журам мөрдөгдөж эхлээд буй.
102 аппликэйшнээр ирүүлсэн зөрчлийн талаар ЗХУТ-өөс өгсөн мэдээллээр 2010 оноос замын хөдөлгөөний зөрчлийг хүлээж авах E-Police аппликэйшнийг ашиглаж байжээ. Уг аппликэйшнээр энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-нийг хүртэл зургаан сарын хугацаанд 31,176 зөрчил хүлээж авч, 20,149 жолоочид хариуцлага тооцсон байна.
Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгох юм.
Одоогийн байдлаар явган хүний зам дээр машинаа тавьсан, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөд саад болохоор байрлуулсан, автобусны буудал дээр машинаа тавьсан, авто замын нэгдүгээр эгнээг хааж, түр болон удаан зогсохыг хориглосон газарт автомашинаа байршуулсан зөрчлийг иргэд зургаар баталгаажуулж, 102 аппликэйшнд илгээж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!