Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

102 аппликэйшнээр зөрчил илрүүлсэн иргэнд жолоочийн торгуулийн 10-20%-ийг олгоно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг
ТЦА

Нөгөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод байгаа билээ. 

Энэ талаар ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу өмнө нь манай сайтад мэдээлснийг эргэн сануулж байна. 

Урамшууллыг хэрхэн олгох вэ? 

Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил бөгөөд Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд

  • 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор,
  • 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгох юм байна. 

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10%-ийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдох аж. 

Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50%-ийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлэх юм байна. 

Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. 

Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20% буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдоно. 

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна. 

зураг
 
ТЦА
зураг
 
ТЦА
зураг
 
ТЦА