Уншиж байна ...

Гурван жилийн дараа ашиглалтад орох ДЦС-5-ын үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувь төвийн бүсийн сүлжээнд нийлүүлэгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болж хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл" компани шалгараад буй. Дулааны тавдугаар станцыг барих төсөвт өртөг 658.6 сая ам.доллар байна.

Төслийн талаар "Дулааны тавдугаар станцыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, гурван жилийн дараа буюу 2028 онд ашиглалтад оруулна. Тухайн байршил нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгаа онцлогтой. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт эрчим хүч, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар мандалд хаягдах утаанд агуулагдах NOx, SO2-ын хэмжээг хянах хяналтын системтэй эргэлтэд буцлах үет шаталттай CFB технологийн зуухтай байна.

Техникийн усны хэрэглээг бууруулсан агаарын хөргөлттэй конденсатортай, хаягдал усаа эргүүлэн ашиглах, байгаль орчинд ээлтэй технологитой байхаар төлөвлөсөн. Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувь нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдэж, үлдсэн 10 хувь нь станцын дотоод хэрэглээнд зарцуулагдана" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс танилцууллаа.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэх аж.