ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдөрт угаарын хийн 400 гаруй дуудлага бүртгэгджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны аравдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн системд угаарын хийн 22,700 дуудлага иржээ. Үүнээс 1,600 айлд хяналтын 500 гаруй ажилтнууд очиж, зөвлөмж мэдээлэл өгч, авран хамгаалах ажиллагааг явуулсан болохыг тус төвөөс мэдээллээ.

Харин өнгөрсөн хоногт бүртгэгдсэн дуудлагуудын талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэлгэцийн оператор Э.Цогболд "Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд угаарын хийн 400 гаруй дуудлага иржээ. Эдгээрээс ханан пийшин болон нам даралтын зуухаа хөөлүүлэх 16 дуудлага бол бусад нь угаарын хийн дуудлага байлаа. Хяналтын төвөөс угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс дохиолол ирсэн үед иргэдэд агаар сэлгэлт хийхийг сануулдаг юм. 

Иргэд угаар, утаа хоёрыг андуураад байдаг. Утаа нь хүхрийн нэгдэл, тоосонцор, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг элементүүдийг агуулдаг. Угаар нь харагдахгүй, үнэргүй, хүчилтөрөгч дутмаг битүү орчинд дутуу шаталтаас үүсдэг. Гэтэл гэрт утаагүй байхад залгалаа гэж ярьдаг. Агаар сэлгэлтгүй, битүү орчинд иргэд угаартах эрсдэлтэй тул галаа түлчхээд яндангийн сойлтоо хааж болохгүй.

Яндан, зуухаа тогтмол хөөлөх, агаар сэлгэлт хийх, гал түлээд яндангийн сойлтоо хаахгүй байх, зуухны тагийг сайн хаах нь угаартахаас хамгаална. Intum төхөөрөмж нь угаарыг мэдэрч дуугардаг. Энэ үед агаар сэлгэлтийг сайн хийх хэрэгтэй" хэмээн зөвлөв. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 24 цагаар дуудлагыг авч, тусламж хүргэдэг байна.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажилладаг байна.

Оноос өмнө үлдсэн 50,000 айлд угаарын хий мэдрэгчийг суурилуулж дуусгах аж.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

  • Толгой өвдөх
  • Чих шуугих
  • Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
  • Огиулж бөөлжих
  • Ханиалгах
  • Ухаан балартаж унах
  • Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.