Уншиж байна ...

О.Мишээл: Туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд тараагдсан

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар иргэдээс гомдол гаргаад буй.

Уг асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд тараагдсан. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан.

Өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдийн түлшний нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгаа” гэв.

Иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг ихээр ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан миддлинг гэсэн гурван төрлийн түлш худалдаалах бэлтгэлийг базаажээ.

Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд угаасан нүүрсийг түлхүү борлуулах юм байна. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг олгох аж.

Түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гардаг тул хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тоннын хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгааг хэллээ.

Тухайлбал өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1,700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ.

Түлш тээвэрлэлтийн хуваарийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас гаргадаг бөгөөд нийт тээврийн ААН-үүд хоногийн 24 цагийн 16 цагт түлш түгээх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, өдрийн цагаар борлуулалтын цэгүүдэд, шөнийн цагаар агуулах руу түгээлт хийж байгаа хэмээн танилцуулав.

Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлт хийж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёр аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийн гэрээг цуцалжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс