Цахилгаан эрчим хүч дамжуулах Хүннү дэд станцын бүтээн байгуулалтын явц 84 хувьд хүрчээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байгуулагдах Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвүүдийг байрлуулахаар цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлуудыг хийж буй.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын Хүннү дэд станц, дэд станцын удирдлагын байр, 10 кВ-ын хаалттай гурав хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” ХХК болон “Концепт капитал солюшнз” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 84 хувьд хүрчээ.
Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж тооцоолсон байна.
Нийслэлийн төсвөөс 2025 онд авто замын зураг төсөв гаргах, газрын гүний дулааныг судлах, цэвэрлэх байгууламжийн ажилд хөрөнгө оруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
