Уншиж байна ...

Д.Ганцоож: Хагас коксон түлш айл өрхүүдийн зуух, пийшинг хайлуулахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд энэ жилээс шинэ түлш хэрэглэж эхэлж буй. Гэхдээ хагас коксон түлш нь зуухны ул ширэм хайлуулах байх гэсэн эргэлзээ иргэдэд төрж байна. 

Энэ тухай Тавантолгой түлш компанийн химийн шинжилгээ, туршилтын лабораторийн техникийн ахлах шинжээч Д.Ганцоож "Сайжруулсан шахмал түлшний илчлэг 6,300-6,400 ккал/кг илчлэгтэй бол хагас коксон түлшний илчлэг нь 6,100-6,300 ккал/кг. Тиймээс хагас коксон түлш нь айл өрхүүдийн зуух, пийшин болон ул ширмийг хайлуулахгүй. Энэ нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан юм. Иргэд айдас, эргэлзээгүйгээр түлж болно. Миддлингийн шахмал түлшнээс 3-4 цагаар илүү дулаанаа барьдаг" гэж тайлбарлалаа.

БНХАУ-аас импортолж байгаа хагас коксон шахмал түлшийг 25 килограммаар савласан бөгөөд нэг шуудайг 5,000, нэг тонныг 200,000 төгрөгөөр худалдахаар үнийг тогтоожээ. Иргэд “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж түлшээ авах боломжтой байна.

Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг, Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтой гэж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс дүгнэжээ. Харин бодит байдал дээр энэ жил агаарын бохирдлын хортой шинж чанар хэрхэн буурсныг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч судлах юм байна.

Хагас коксон түлш худалдаалж байгаа цэгүүд:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Хагас коксон түлшээр энгийн уламжлалт болон төслийн зууханд зөв галлах аргыг Тавантолгой түлш компаниас заасан билээ.

Энгийн, уламжлалт зууханд:

  1. Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  2. Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ
  3. Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  4. Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна
  5. Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана.

Төслийн сайжруулсан зууханд:

  1. Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  2. Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  3. Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
  4. Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
  5. Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.