Уншиж байна ...

"Эрчим хүчний салбар тогтворгүй 800 гаруй журмаар зохицуулагдаж байгаа учир хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ажилтнаа сонсъё" эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Эрчим хүчний хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Эрчим хүчний тухай хууль нь 2001 онд батлагдсан учир одоогийн харилцааг зохицуулахад хоцрогдсон. Маш ерөнхий товчхон байгаагаас үүдэж эрчим хүчний салбар 800 гаруй журмаар дулаан, цахилгааны харилцаагаа зохицуулж байна. 

Журмыг хэзээ ч баталж, өөрчилж болдог тогтворгүй байдлаас нь болоод хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй байна. Түүнчлэн хуульд үүрэг, хариуцлагын тухай асуудал байхгүй байна. Үүргээ биелүүлэхгүй бол хүлээх хариуцлага нь тодорхой бус байна. 

Эрчим хүчний салбарт маш олон шинэ үйл ажиллагаа бий болж байгаа ч түүнийг зохицуулах тухай заалт алга. Бүгд журмаар явж байна. Одоогийн байдлаар цахилгаан түгээх компани зөвхөн нэг урсгалтай буюу хэн нэгэн цахилгаан зарах л эрхтэй, худалдаж авах эрх байхгүй. 

Олон улсад дулаан, цахилгааны тусдаа хуультай бүгд дор бүрнээ 5-20 бүлэг, 100-200 хуудастай байна. Улс орнууд харилцаагаа журмаар биш хуулиар зохицуулж байна. Тогтвортой салбарт хөрөнгө оруулна. Иймд Дулааны хуулийг тусад нь боловсруулсан. 

Хуулийг сайжруулах талаар 47 байгууллагаас 859 санал ирсний дагуу хуулиа сайжруулаад Дулааны хуулийг өргөн барихад бэлэн болсон байна. Дулааны хуулиар төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Төрийн дулаанаар хангаж чадахгүй байгаа хэсгийг хувийн хэвшил хангах боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн одоогоор хэрэглэгч ямар хэмжээний дулаан хэрэглэж байгаагаа тооцож чадахгүй байна. Иймд цаашид дулааны тоолууртай байх нь зүйтэй гэж үзсэн" гэв.