Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хагас коксон түлшийг аравдугаар сарын 1-нээс худалдаанд гаргаж амжихгүй болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд энэ жил хагас коксон түлшийг хэрэглүүлэхээр болж, БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар авч аравдугаар сарын 1-нээс иргэдэд худалдана гэж нийслэлийн удирдлагууд мэдээлээд буй.

Маргаашаас хагас коксон түлшийг хэдэн цэгээр борлуулах талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатараас тодруулахад "Бидэнд ирсэн мэдээллээр аравдугаар сарын 8-наас хагас коксон түлшийг худалдаанд гаргахаар болж байна.

Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш" ХХК-ийн Зүүн үйлдвэрт Хятад улсаас 3,000 тонн хагас коксон түлш буусан байгаа бол энэ долоо хоногт дахин 3,000 тонн түлш замдаа ирж яваа.

Хагас коксон түлшийг цаасан уутанд савлана, одоогоор савлалт хараахан эхлээгүй байна. Манай үйлдвэрт хуучин миддлингийн нөөцөөс үлдсэн 9 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа юм. Өмнө нь 30 гаруй мянган тонныг үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Үүний дараагаар хагас коксон түлшийг савлаж эхэлнэ" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин: Хагас коксон түлш түрүүчээсээ Улаанбаатарт буусан. Маргааш буюу аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлшийг худалдаанд гаргаж арай амжихгүй, зургаа хоногийн дараа худалдаанд гаргана гэж тооцоолж байна. Хятадаас худалдаж авсан хагас коксон түлшийг "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрт савлах юм. Одоогийн байдлаар түлш савлах цаасан шуудай худалдаж авах тендерийг тус компаниас зарласан байгаа.

Үүнээс гадна Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос нэг шуудай хагас коксон түлшийг 5,000 төгрөгөөр худалдах үнийг өнөөдөр баталгаажуулна.

Хоёрдугаарт угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж гэр хорооллын 172,000 айл өрхийн зуух, яндангийн битүүмжлэлийг шалгах ажлыг наймдугаар сарын 20-ноос эхлэн ан цав үүссэн зуухыг гагнаж засах, янданг хөөлөх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм. Одоо 40,000 орчим айлаар ороогүй үлдсэн. Энэ ажил ирэх долоо хоногт дуусах төлөвтэй байна. Уг ажлыг аравдугаар сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөж хагас коксон түлшийг худалдаанд гаргах хугацааг товлосон байлаа.

"Тавантолгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд айл өрхүүдээр явж, гэмтэлтэй зуухыг гагнах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тус төвийн 600 гаруй, "Тавантолгой түлш" компанийн 320 гаруй ажилтан, дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нар гээд нийт 2,800 ажилтан гэр хорооллын 172,000 айл өрхөөр явж зуух яндангийн битүүмжлэлийг шалгаж байгаа юм. Эдгээр ажлыг дуусгасны дараа хагас коксон түлшийг худалдаанд гаргана. Ингэснээр иргэд миддлингийн болон хагас коксон хоёр түлшнээс сонголтоо хийж, долоо хоногт долоон шуудайг авч түлж үзээд дүгнэлтээ хийх боломжтой.

Тендерийн нээлттэй мэдээллээс шүүхэд цаас 70%, нийлэг материал болох PE 30%-ийн орцтой, 25 килограммын багтаамжтай шуудай худалдаж авах 9.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг Тавантолгой түлш компаниас 2025 оны наймдугаар сарын 6-нд зарлаж, зургаан компани саналаа ирүүлснээс "Боса-Импекс" компани 8.2 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлэхээр шалгарсан байна.

Хагас коксон түлшний цаасан шуудайг иргэд түлэх боломжтой аж.
зураг
 
зураг