Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланг Монгол Улсын “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль болон олон улсын стандартын дагуу боловсруулж эхэлжээ.
Одоогоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 70 орчим хувь, нийгмийн нөлөөллийн үнэлгээ 30 орчим хувьтай үргэлжилж байна.
Мөн нийгмийн суурь судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд таван дүүргийн 48 хорооны хэмжээнд өрхийн судалгаа болон төслийн бүх оролцогч талууд буюу жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, тухайн орон нутгийн төсөл хөгжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал зөвлөмжийг тусгаж байгаа юм.
Төслийн бүх оролцогч талуудын оролцоог хангаснаар иргэдийн өдөр тутмын амьдрал, оршин суугаа орчны өөрчлөлт, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлыг иж бүрэн авч үзсэн бодит нөхцөл байдалд нийцсэн үнэлгээ гарах бөгөөд тус үнэлгээнд тулгуурлан хамгааллын бодлого, менежментийн төлөвлөгөөнүүдийг боловсруулан хяналт тавьж ажиллана.
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан эцэслэгдэн батлагдсанаар төслийн хэрэгжилт олон улсын жишигт нийцсэн, тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан байдлаар урагшлах болно.
Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 километр урт байхаар төлөвлөжээ. Үүнээс 19.1 километр 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана.
Найман их наяд төгрөгөөр Улаанбаатар хотын метрог барих тендерт гадаад, дотоодын 27 компани хүсэлтээ ирүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!