Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЭХЯ: Хуучин цахилгаан станцуудын байршилд цоо шинэ станц барина. Хуучин тоноглолыг өргөтгөхгүй

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний салбарын ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үер хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад холбогдох албаныхан хариулт өгөв. Түүнчлэн цахилгааны үнэ тарифын асуудалд иргэдийг идэвхтэй саналыг өгөхийг хүсэв. 

Иргэн та саналаа E-Mongolia болон 11-11 төв, яамдын цахим хуудсаар өгөөрэй. Санал асуулга наймдугаар сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Санал өгөх заавартай танилцах бол ЭНД ДАРНА УУ. 

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” 01 дүгээр тогтоолоор Эрчим хүчний сайдын 2026 оны төсвийн хязгаарыг урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 374.8 тэрбум төгрөг нийт 460.1 тэрбум төгрөгөөр баталсан байна.  


- Танай салбар Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоогоо багасгасан уу? 

-  Эрчим хүчний салбарт 27 ТӨҮГ байгаа. Цахилгаан дамжуулах үндэсний нэгдсэн сүлжээг байгуулах зорилгоор бүтцийн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Эрчим хүчний үндэсний төв ААТҮГ болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг нэгтгэж нэг байгууллага болгосон. Энэ зохион байгуулалт цаашид үргэлжлээд явна. 

- Энэ жил 2.5 тэрбумын тодотголоор Увс аймгийг усалсан юм уу? Эрчим хүчний салбарын сайдын аймаг эрчим хүчээ аваад бусад нь авахгүй байх юм уу? 

- Бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулахын тулд энэ онд улсын хэмжээнд нийт 46 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил төлөвлөж 41 байршилд хэрэгжүүлсний нэг нь Увс аймгийн цахилгаан хангамжийг сайжруулах байсан. Энэ нь наадамтай хамаагүй. Энэ бол улсын хэмжээнд хийгдэж буй ажил юм. 

- Танай яаманд гадаад томилолт байгаа юу? 

- Эрчим хүчний яаманд гадаад томилолт байхгүй. Бүх аймаг сумдыг дагасан дэд бүтцэд хяналт тавих зорилгоор салбарын хяналтынханд дотоод томилолт байгаа. Уг зардлыг Сангийн яаманд хянуулж гаргадаг. 

- Танай салбар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрхэн анхаарч байна вэ? 

- Батарейгаас гадна усан цахилгаан станцыг бий болгох хэрэгтэй. Өнөөдрийн төсвөөр нэг ч ийм төрлийн цахилгаан станц барьж чадахгүй. Олон жил шаардагдана. Бодлогоор энэ чиглэлийн ажлуудыг хийж байж асуудлаасаа гарч чадна. 

- Яагаад хуучин станцтайгаа зууралдаад их мөнгө зарцуулаад байгаа юм бэ? Цоорхой хувинг тордоод тордоод шинэ болохгүй шүү дээ. Шинийг барьж болдоггүй юм уу?  

- Хуучин цахилгаан станцуудын байршлыг нь ашиглаж хашаанд дотор нь цоо шинэ станц барих юм. Түүнээс биш хуучин тоноглолыг өргөтгөнө гэсэн үг биш. Учир нь Улаанбаатар хотод өөр дулааны цахилгаан станц барих, дэд бүтцийг нь ашиглах цэг байхгүй бүх газар эзэнтэй байна. Өнөөдрийн түвшинд хэрэглэгч төлж чадахуйц хэмжээний дулаан үйлдвэрлэе гэвэл бид нүүрсээ үйлдвэрлэхээс өөр сонголтгүй байна. Ногоон болгох нь технологийн хувьд болох ч хэрэглэгчийн одоогийн дулааны төлбөрийг 10 дахин нэмж болохгүй. Иймд одоогоор хэрэглэгчдийнхээ төлбөр төлөх чадамжтай нь уялдуулж технологийн шийдлээ сонгох цаг үе байна. Харин иргэн хуулийн этгээд өөрийн хэрэгцээндээ зориулж сэргээгдэх эрчим хүч барьж байгуулахад ямар нэгэн хориг байхгүй.