Эрчим хүчний салбарын ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
2000 оноос хойш цахилгааны хэрэглээний өсөлт дунджаар жилд 5.7 хувийн өсөлттэй байдаг ба их өсөлттэй жилдээ 9 орчим хувьтай байдаг байна. Монгол Улсын цахилгааны нийт хэрэглээний 26 орчим хувийг айл өрх, 43 хувийг аж ахуйн нэгж, 31 хувийг уул уурхайн салбар хэрэглэдэг байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” 01 дүгээр тогтоолоор Эрчим хүчний сайдын 2026 оны төсвийн хязгаарыг урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 374.8 тэрбум төгрөг нийт 460.1 тэрбум төгрөгөөр баталсан байна.
Шилжих: Эрчим хүчний салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудаас 2026 онд шилжин хэрэгжих 25 төсөл, арга хэмжээнд 274,2 тэрбум төгрөг, мөн шүүхийн шийдвэрээр санхүүжилтийг олгох болсон 5 төсөл арга хэмжээнд 26,0 тэрбум төгрөг төлөвлөв.
Шинээр эхлэх: Эрчим хүчний сайдад 2026 оны төсвийн төсөлд тусгуулахаар 5,476.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд болон бусад байгууллагуудаас ирүүлснээс зайлшгүй шаардлагатай зураг төсөв хийгдсэн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн шинээр эхлүүлэхээр 3,917.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 93 төсөл, арга хэмжээний 2026 оны санхүүжилтэд 1,699.5 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Эрчим хүчний сайдын багцын урсгал зардлын 50%-ийг эрчим хүчний үйлдвэр компаниудад алдагдлын татааст, 44%-ийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд, 3%-ийг эрчим хүчний яамны албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардалд, үлдсэн 3%-ийг Эрдэнэбүрэн болон Эгийн голын УЦС барих төслийн бэлтгэл ажлыг хангах зардлуудад тус тус төлөвлөөд байна.
Компаниудын санхүүгийн алдагдлыг улсаас татаас олгохгүй байдлаар шийдвэрлэвэл, хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны эрчим хүчний одоогийн тарифыг 80-100 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь хэрэглэгчдэд төлбөрийн томоохон дарамт үүсгэх тул 2026 онд татаас олгохоор тооцоолж импортын цахилгааны үнийн зөрүү болон орон нутгийн дулаан үйлдвэрлэгч эрчим хүчний үйлдвэр компанид 120.6 тэрбум төгрөгийн татаас, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олгож байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд 104.9 тэрбум нийт 225.5 тэрбум төгрөгийг 2026 онд олгох шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!