Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт өчигдөр гарын үсэг зурсан.
Тажикистан улс нь гол мөрөн, нуур, усны нөөцөөр арвин орон. Төв Азийн усны нөөцийн 60 хувь нь эдгээр гол, мөрөнд ногддог бөгөөд цэнгэг усны нөөцөөр дэлхийд наймдугаар байранд ордог байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтойг айлчлалын үеэр онцолж байлаа.
Монгол, Тажикистан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Монгол Улсын гадаад бодлогын томоохон зорилтуудын нэг нь Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Төв Азийн таван улстай маш идэвхтэй гадаад харилцааг явуулж ирлээ.
Төрийн айлчлал нь харилцааны хамгийн оргил хэсэг байдаг. Талууд маш олон жил бэлддэг, судалдаг.
Эрх зүйн боломж бүрдсэнээр цаашид иргэд хоорондын харилцаа сайжирч, хоёр улсынхаа талаар илүү судалж мэднэ. Улмаар хууль дүрэмдээ зохицуулсан харилцааг бий болгоно" гэлээ.
Үргэлжлүүлэн "Бид Киргиз, Тажикистан улстай тус бүрд маш чухал 10-14 баримт бичгийг зурсан.
Бизнесийн салбарынханд үүд хаалгыг нь нээх ёстой. Аж Ахуйн Нэгжүүдэд боломж олгож, таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Тухайлбал Киргизэд манай улсын 10 гаруй компани үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байна. Монголын гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн болон манай мэдээллийн технологийн салбарынхан маш хурдтай орох боломж байгаа.
Тажикистан улсын хувьд манай бизнесийнхэнд шинэ эх орон болж байна. Энэ орон маш хурдтай хөгжиж байгаа.
Бүс нутгийн онцлог нь: Төв Азийн таван улс хоорондоо маш нэгдмэл харилцаатай байдаг. Тодруулбал Төв Азийн таван орон Хятад, Америк, Европын Холбоо, Африк, Арабын орнуудтай ажилладаг.
Манай улсын хувьд хоёр том гүрний дунд далайд гарцгүй хөгжиж байгаа ардчилсан улс. Манай сонирхол Төв Азийн орнуудтай яв цав нийлдэг.
Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөө ихээхэн хүчин чармайлт гаргахад Монгол Улс голлож, байр сууриа илүү илэрхийлэх боломж нөхцөл байна.
Хоёрдугаарт бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дэлхийн бүх улс оронтой хөгжүүлэхийг эрмэлзэж, эв найрамдалтай, тэнцвэртэй гадаад харилцааг явуулах ёстой. Энэ бодлогынхоо хүрээнд Төв Азийн орнуудтай маш сайхан харилцааг тогтоож байна.
Нэгнээсээ гуйх биш, нэг нэгнээ хөгжүүлэх харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болох нь ээ.
Тажикистан улсын онцлог нь:
Төв Азийн бүс нутагт 91 хувь нь уул, Төв Азийн цэвэр усны нөөцийн 60 хувь нь ганц Тажикистанд байна.
Усан цахилгаан станцуудын уулын ам болгонд байгуулсан. Түүгээр эрчим хүчээ бүрэн хангаж байна. Уулархаг улс учраас бензин тосны маш өндөр зардал гардаг буюу хамаарал их" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!