Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг засварлан шинэчлэх ажил он дамжин хэрэгжиж байгаа буй.
Нийт 16 километр тус авто замын засвар бүрэн дуусаж, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт хөдөлгөөнийг нээжээ.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын/НЗХГ/ Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодруулахад "Найрамдал зуслан чиглэлийн үндсэн 12 километр болон зуслан доторх дөрвөн километр хоёр эгнээтэй авто замын асфальт бетон хучилтыг бүрэн хийж, хөдөлгөөнийг өнгөрсөн Лхагва гарагт нээсэн.
Авто замын суурь хучилтыг цементээр бэхжүүлж дөрвөн сантиметр, өнгө хучилтыг таван сантиметр, нийт 9 сантиметрийн зузаан хучилттай болгож, тэмдэг тэмдэглэгээг зурсан. Авто замын доор ус зайлуулах хөндлөн хоолойг таван хэсэгт суурилуулсан. Өөрөөр хэлбэл авто замыг шинэчлэх ажил бүрэн дуусаад байна.
Нийтийн тээврийн автобусны хажуугийн 18 зогсоол болон зогсоолын орчимд явган хүний замтай болсон.
Одоо авто замын хөвөө, шуудуу зэрэг тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд авто замын босоо тэмдэг болон хурд сааруулагчийг тавих байршлыг ТЦА-тай зөвлөлдөж байна. “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлын явц 85%-д хүрсэн" гэлээ.
Тус авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан ч зөвхөн урсгал засвар хийдэг байсан тул нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр авто замыг шинэчилж буйг мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!