Уншиж байна ...

Жуков худалдааны төвөөс Кино үйлдвэр хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил хоёр сар үргэлжилнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуков худалдааны төвөөс Кино үйлдвэр хүртэлх төв зам дагуух 2Д магистраль шугамын 250мм голчтой 282 метр хос шугамыг 400 мм голчтой болгож өргөтгөх ажил тавдугаар сарын 15-наас эхлэх юм байна.

Энэ талаар "УБДС" ТӨХК-ийн тархмал эх үүсвэрийн төслийн нэгжийн ахлагч Д.Баяртогтох "2025 онд Дэлхийн банкны санхүүжилтээр Жуков худалдааны төвөөс Кино үйлдвэр хүртэлх төв зам дагуух 2Д магистраль дулааны шугамыг өргөтгөх ажил хийгдэнэ. Ингэснээр 13, 15 дугаар хорооллын дулаан хангамж сайжрах, гэр хорооллын айлуудад дулааны эрчим хүчийг хүргэх боломжууд бүрдэх юм. Ашиглалтын хугацаа дууссан хүйтэн усны шугамыг шинэчлэх ажил давхар хийгдэнэ. Энэ жил дулааны шугамыг өргөтгөх тул 20-25 жил шинэчлэлт хийгдэхгүй.

2017 оноос хойш энэ хэсэгт дулааны шугамын өргөтгөл хийгдээгүй юм. Амгалан ДЦС-д өргөтгөл хийгдэж байгаатай холбоотойгоор энэ жил зайлшгүй өргөтгөхөөр боллоо.

Дулааны шугамыг угсрах ажлыг гүйцэтгэгч "МЭЗ" компанийн зүгээс наадмаас өмнө дуусгана гэж төлөвлөж байгаа. Гэрээний дагуу есдүгээр сарын 1-нд дуусгах ч хугацааг шахаж ажиллана" гэж мэдээллээ.

Дулааны шугамыг угсрах ажлыг гүйцэтгэх "МЭЗ" компанийн төлөөлөл "Одоогийн байдлаар шугамыг өргөтгөх материалын захиалга 80%-тай байна. Тавдугаар сарын 15-наас дулаан зогсохтой зэрэгцэн хоёр сарын хугацаанд дулааны 2Д магистраль шугамыг өргөтгөнө" гэв.

Жил бүрийн тавдугаар сарын 15-наас айл өрх, ААН-ийн халаалт зогсохоор дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил эхэлж халуун усыг хязгаарладаг. Энэ зун хийгдэх дулааны шугамын засварын хуваарийг одоогоор нийтэд мэдээлээгүй байна.