Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий дахинаа сүүлийн 30 жилд цаг уурын эрс тэс үзэгдлүүд огцом нэмэгдсэн хэмээн НҮБ-аас мэдээлж байв.
Энэхүү уур амьсгалын өөрчлөлт манай оронд ч ихээхэн мэдрэгдэх болж өнгөрсөн 2023 оны 7-8 дугаар сард олон жил тохиогоогүй их үер болсон бол энэ жил зуны ид оргил үе буюу зургаадугаар сарын сүүлээр цас орсон нь ховор үзэгдэл байлаа.
Монгол орны хувьд 1940-2023 оныг хүртэл хугацаанд агаарын дундаж температур Цельсийн 2.49 хэмээр нэмэгдсэн хэмээн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (УЦУОШГ)-ын Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга, доктор Д.Дуламсүрэн ярилцлагадаа дурдаж байв. Мөн тэрбээр ерөнхий хандлагаараа температур дулаарч байгаа мэт боловч үнэмлэхүй утгууд эвдэгдэх буюу цаг уурын эрс тэс байдал улам бүр нэмэгдэж байгааг онцолж байсан юм.
Тэгвэл энэ зун нийслэл хотод хамгийн халуун болон хамгийн хүйтэн өдөр хэзээ болсныг доорх графикт дэлгэрэнгүй үзүүллээ.
/Суман дээр дарж хажуу тийш гүйлгэнэ үү./
Энэ зуны хувьд нийслэл хот төдийгүй улсын хэмжээнд хамгийн халуун өдөр долдугаар сарын 19-нд тохиосон бол хамгийн хүйтэн өдөр зургаадугаар сарын 21-нд болжээ.
График №2. Хамгийн халуун болон хамгийн хүйтэн өдрүүдийн аймаг, хотуудын дундаж температур
Долдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод өдөртөө 31 хэм хүрч халсан бөгөөд энэ өдөр Монгол орны нийт 17 аймаг, хотод 30-аас дээш хэм хүрсэн байна.
Энэ өдөр тухайлбал Өмнөговь аймгийн Ханбогд суманд 37 хэм, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд сумдад 35 хэм хүрч халжээ.
Харин энэ зуны хамгийн хүйтэн өдөр зургаадугаар сарын 21-нд болсон. Огцом хүйтэрч цасаар шуурсан энэ өдөр Улаанбаатар хотод өдөртөө 10 хэмийн дулаантай байсан бол шөнөдөө 0 хэмд хүрсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!