Өнгөрсөн шөнө Дорнод аймагт хоёр, Сэлэнгэ аймагт нэг хүн, энэ сарын 8-нд голын эрэг дээр тоглож байсан хоёр хүүхэд усанд живж, амь насаа алдсан харамсалтай явдал болсныг ОБЕГ-аас мэдээллээ. Иймд аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав.
Долдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр, 13-ны өдөр Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өнөөдрийн/2024.07.12/ байдлаар Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Идэр, Хануй, хойд Тамир, урд Тамир, Сэлэнгэ, Орхон, Өврийн Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Хүнгүй, Баруунтуруун, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөсөө 5-30 сантиметрээр нэмэгджээ.
Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшнийг 5-25 см, Ховд гол Мянгад, Туул гол Лүн орчимд үерийн аюултай түвшнийг 5-10 см-ээр давсан байна.
Өнөөдөр Орхон аймгийн нутаг, Булганы хойд болон зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Эг, Тарвагатай, Зүүнгүрүү, Ачуут, Зэлтэр, Хараа, Хангал зэрэг гол, мөрний сав дагуух хот, суурин газрын иргэд, зусаж, суурьшиж буй малчид аялж, амарч яваа иргэдийг дээрх голуудын эрэг дагуу бууж, суурьшихгүй байхыг зөвлөв.
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!