Үер усны нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймагт Онцгой байдлын байгууллагын Шуурхай Штаб байгуулагджээ. Томоохон гол мөрний дагуу морьт болон завьт эргүүл ажиллаж байгааг мэдээллээ.
Энэ талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир "Энэ зун үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Шуурхай Штабууд байгуулан ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагын албаны хэмжээнд долдугаар сарын 10-15-ныг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Энэ хүрээнд хүн хүч, техник хэрэгсэл бэлэн байдлын зэрэгт ажиллана.
Шуурхай Штабууд үер уснаас сэргийлэх талаар иргэдэд мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж байна.
Баярын амралтын өдрүүд эхэлж, маргаашаас хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Орон нутагт зорчиход зам тээврийн ослын дуудлага нэмэгддэг учир тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмээ барьж зорчихыг зөвлөе.
Өчигдөр гэхэд улсын хэмжээнд усны ослоор дөрвөн хүн нас барсны хоёр нь хүүхэд байна. Сэрэмжлүүлээд байхад иргэд анхаарахгүй байна.
Хийлдэг гудсан дээр гол, нуурын усанд явж байгаад амиа алдсан хоёр тохиолдол бүртгэгдлээ. Хатуухан хэлэхэд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд усны хөвөгч хэрэгсэл худалдаж авч өгч байгаа нь амь насаа алдах нөхцөлийг бүрдүүлээд байна. Энэ сайхан тайван цагт хайртай хүмүүсээ цаг бусаар алдмааргүй байна. Үүнд онцгойлон анхаарч өгөхийг хүсэж байна" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!