Уншиж байна ...

Гэр бүл, хамт олон, АБД-ийн гуравласан дэмжлэгийн үр дүнд оюуны бэрхшээлтэй иргэн бие даан ажил хөдөлмөр эрхэлж байна

ikon.mn
2024 оны 3 сарын 29
IKON.MN
зураг
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №25

“Түмэн шувуут” ХК

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

зураг
 
“Түмэн шувуут” ХК-ийн ажилтан Д.Тэлмүүн /баруун гар тал талаас 2 дахь/, Бэлтгэх цехийн дарга Ц.Алимаа /баруун гар тал/, Хүний нөөцийн менежер Б.Нямбаяр /зүүн гар талаас хоёр дахь/, Ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар нар /зургийг 2023 оны 12-р сард авав/

Монголчуудын дунд өндөгний хэрэглээ нэмэгдэхэд гол үүрэг гүйцэтгэж буй компани

зураг
 
“Түмэн шувуут” ХК нь Монгол дахь өндөг үйлдвэрлэлийн дийлэнх хувийг бэлтгэн нийлүүлдэг /зургийг 2023 оны 12-р сард авав/

Өндөг нь хүний биед нэн шаардлагатай сайн чанарын уураг болон эрдэс, витамин, нүүрс усаар баялаг бүтээгдэхүүн билээ. Эртний Ромчууд анх өндгийг хэрэглэж эхэлсэн гэгддэг бөгөөд өдгөөг хүртэл дэлхийн хүмүүсийн үндсэн хүнс байсаар ирсэн.

Нэг хүн жилд дунджаар 270 гаруй ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн тоон судалгаа ч байдаг. 

Бусад орнуудтай харьцуулахад өндөгний хэрэглээ харьцангуй бага байсан Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. 2000 онд нэг хүн жилд ойролцоогоор 17 ширхэг өндөг хэрэглэдэг байсан бол 2017 оны байдлаар 90 ширхэг болж нэмэгдсэн байна. Харин хамгийн сүүлийн үеийн судалгаагаар уг тоо 100-аас дээш болсон гэсэн тооцоо гарчээ.

зураг
 
Тус компанийн лого нь энгийн бөгөөд өвөрмөц дизайнтай.

Энэхүү өндөр эрэлтийг ханган ажиллаж буй “Түмэн шувуут” ХК нь олон улсын чанарын шаардлагад нийцсэн стандартыг Монголдоо хамгийн анх нэвтрүүлсэн юм. 2004 онд байгуулагдсан тус компани нь байгуулагдсан цагаасаа одоог хүртэл шувууны аж ахуйд өндөг үйлдвэрлэх, борлуулах салбарт тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ижил төрлийн компаниуд ар араасаа байгуулагдаж буй сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, одоо нийт 650 мянга гаруй өндөглөгч тахианаас өдөрт 500 мянга гаруй өндөг гарган авч, нийт зах зээлийн 40 хувийг бүрдүүлж байна. 

зураг
 
2019 онд нээлттэй хувьцаат компани болсныхоо дараа компанийн логогоо өөрчилсөн нь одоогийн цагаан дэвсгэр дээр улаан өндөг бүхий лого юм.

Анх 11 ажилтантай үүд хаалгаа нээсэн тус компани одоо 270 гаруй ажилтантай, шувууны аж ахуйгаас гадна хаягдал цаас ашиглан өндөгний үүр үйлдвэрлэх, тахианы сангасыг хатааж боловсруулан органик компост бордоо хийх үйлдвэрүүд мөн усалгаатай газар тариалан эрхлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа, шувууны сангаснаас гаргаж авдаг бордоог үйлдвэрлэн газар тариалангийн салбарт ч хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.

Тус компани нь сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хараа, сонсгол, мөн оюуны бэрхшээлтэй нийт 6 ажилтан ажиллаж байгаагаас гадна дотор эрхтний бэрхшээлтэй эхнэр нөхөр хоёртой гэрээ байгуулан ажилтнуудынхаа дүрэмт хувцсыг захиалан хийлгэдэг байна.

“Миний зөөсөн өндөг болов уу” гэж боддог

зураг
 
Хэлбэр хэмжээ, хүнд хөнгөнөөр нь ялгаж савласан өндөгнүүд Улаанбаатар хот болон ойрын аймгууд руу хүргэгддэг /зургийг 2023 оны 12-р сард авав/

Бид 2023 оны 12-р сард Сонгинохайрхан дүүрэгт байрлах тус компанийн төв оффист очсон юм. Нийт 2 шувууны аж ахуйгаас тээвэрлэгдэж ирсэн шинэхэн өндөгнүүдийг эхлээд жигнэж, дараа нь том жижгээр нь ангилах ажил агуулахад өрнөж байв.

Савлаж бэлтгэсэн өндөгнүүд хотын гэрээт дэлгүүрүүд болон Дархан, Эрдэнэт зэрэг нийт 15 хот, аймаг руу нийлүүлэн хэрэглэгчдэд хүргэж байна.

зураг
 
Агуулахад ажиллаж буй Д.Тэмүүлэн /баруун гар тал/ /зургийг 2023 оны 12-р сард авав/

Төв оффистой залгаа байрлах агуулахад нийт 20 гаруй ажилтан ажилладаг бөгөөд тэдний нэг бол Д.Тэлмүүн юм. Тэр одоо 25 настай, хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй. Тэлмүүн өглөө 6 цагт босож, 30 минут орчим автобусаар явж ажилдаа ирдэг. Эхлээд үйлдвэрүүдээс ирсэн өндөгнүүдийг ачааны машинаас буулган агуулах руу зөөнө. Тэр долоо хоногт даваагаас бямба гарагт өглөө 8 цагаас орой 17 цаг хүртэл ажилладаг. Түүний ажил тийм ч хялбар биш. Ажлынхаа тухай тэр “Ажил гайгүй ээ. Өндгөө унагааж хагалсан удаа байхгүй. Дэлгүүрт өрөөтэй байгаа “Түмэн шувуут”-ын өндөгнүүдийг хараад “Миний зөөсөн өндөг болов уу” гэж бодогддог. Ажилдаа дуртай” гээд инээмсэглэв.

Д.Тэлмүүн ахлах сургуулиа төгссөнийхөө дараа нэгэн компанид оффисын ажилтан хийж байсан ч удалгүй ажлаасаа гарчээ. Байнга очиж хичээллэдэг фитнес клубийнхээ зохион байгуулдаг тэмцээнүүд дээр хааяа туслахаар ажилладаг байсан тэр 2023 оны 9-р сард “Түмэн шувуут” компанид ажилд орж, одоо аав ээж, ажлын байрны дадлагажуулагч, хамт олныхоо дэмжлэгтэйгээр хичээн ажиллаж байна.

Аав, ээжийнх нь хүсэлтийг хүлээн авч ажилд авчээ

зураг
 
Хүний нөөцийн ажилтан Б.Нямбаяр. Нийгмийн халамжийн салбарт ажилласан туршлага дээрээ тулгуурлан компанийнхаа ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулан ажилладаг /зургийг 2023 оны 12-р сард авав/

Д.Тэлмүүнийг ажилд авах гол шийдвэр гаргасан хүн бол Хүний нөөцийн менежер Б.Нямбаяр юм.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн иргэдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажил хийж байсан тэр нэг ч гэсэн хүн нийгмийн харилцаанд орж, ажил хөдөлмөр эрхлэн бие даан амьдрахын ач холбогдлыг ойлгож мэдэрсэн нэгэн.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд ажил хөдөлмөр хийж чадахгүй, яах учраа олохгүй байгаатай таарч, тэдний асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байсан туршлагатай учраас “Түмэн шувуут” ХК-д орсноосоо хойш ч хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа дэмжин ажиллаж байна.

2023 оны 8-р сард тус компани нь цахилгаанчин ажилд авах зар гаргажээ. Тус зарын дагуу дунд эргэм насны хүн Б.Нямбаяр менежертэй уулзахаар ирэв. Тэрээр өөрөө цахилгаанчнаар ажилд орох хүсэлтэй байгаагаа хэлээд “Үнэндээ би хүүдээ бас ажил хайж байгаа юмаа. Хөнгөн хэлбэрийн оюуны бэрхшээлтэй юм. Танайд тохирох таарах ажил байна уу” гэжээ. Энэ хүн бол Д.Тэлмүүний аав байв. Тэр үед Б.Нямбаяр менежер аав, хүү хоёрын материалыг хүлээж аваад эргэн холбогдохоор болов. Хэсэг хугацаанд орон тоо байхгүй байсан ч ачигчийн ажлын орон тоо гармагц Д.Тэлмүүний аавтай холбогдон хүүгийн хамт ажлын ярилцлагад ирээрэй гэв.

Д.Тэлмүүн аавын хамт ярилцлагад ирээд биеэ барьсан байдалтай байсан ч яг ярилцлагын өрөөнд орохдоо аавдаа хандан “Би ганцаараа чаднаа. Та орох хэрэггүй ээ” гэсэн гэнэ. Б.Нямбаяр менежер тэр үед өөрөө бие даах хүсэлтэй болохыг нь харж дэмжих юм сан гэсэн бодол төрсөн гэнэ. Ярилцлагын дараа ээжтэй нь бас утсаар ярихад “Нөхөр бид хоёр үргэлж хүүтэйгээ хамт байгаад байж чадахгүй. Хүүгээ нийгэмд гаргаж бие дааж амьдрах чадвартай болгомоор байна” гэж ярьжээ. Өөртэй нь, ээжтэй нь ярилцсаны дараа Д.Тэлмүүнийг ажилд авахаар болоход аав ээж нь маш их баярлажээ. Б.Нямбаяр менежер “Ямар нэг асуудал гарсан тохиолдолд шууд өмнөөс нь хийж туслалгүйгээр өөрөө бодож, өөрөө алдаагаа засах боломж олгож, туршлага суулгаж өгөөрэй” гэж аминчлан гуйсан ээжийнх нь үгийг одоо ч бодож явдаг гэв.

Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэг авахаар болов

зураг
 
“Түмэн шувуут” ХХК-ийн ажилтан Д.Тэмүүлэн /зүүн гар тал/ болон Хүний нөөцийн менежер Б.Нямбаяр нар /зургийг 2023 оны 12-р сард авав/

Д.Тэлмүүнийг ажилд авахын өмнөхөн тус компани нэг сонсголын бэрхшээлтэй залууг ажилд авсан ч удалгүй ажлаас гарсан байжээ. Тийм учраас Б.Нямбаяр менежер Д.Тэлмүүнийг яавал тогтвор суурьшилтай ажиллуулах вэ гэж бодоод 2023 оны 4-р сард оролцсон DPUB2 төслийн “ААНБ-уудад нөлөөлөх нөлөөллийн семинар”-ын үед сонссон ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээний талаар санав.

Шуудхан ХБХХЕГ руу залгаж мэргэжилтэнтэй нь холбогдон “Ажилд авахаар төлөвлөж байгаа ХБИ байгаа юм. Та бүхэн ажлын байрны дадлагажуулагчтай холбож өгнө үү” гэж хүсэлт гаргасан байна. Түүнээс хойш долоо хоногийн дараа үнэлгээ хийж, дэмжлэг үзүүлэхээр ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар тус компани дээр ирэв. 

зураг
 
Ц.Цолмонбаатар нь 2023 оны 6-р сард DPUB2 төслийн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагджээ /зургийг 2023 оны 12-р сард авав/

Ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар нь Цагдаагийн академид суралцаж төгссөнөөсөө хойш нийт 26 жилийн турш цагдаагийн байгууллагад ажилласан, дэд хурандаа цолтой.  Цагдаагийн албанд орохын өмнө түүний аав “Хүнийг харагдах байдал, ядуу зүдүүгээр нь ялгаж харьцаж болохгүй шүү” гэж  хэлсэн тэр үг насан туршийн амьдралдаа баримтлах гол зарчим болжээ.

Чөлөөнд гарсныхаа дараа Төрийн бус байгууллага болон Хөдөлмөр сургалтын төв зэргийг байгуулсан бөгөөд өөрийн төрсөн нутаг болох Булган аймагт хүүхдүүд хичээлээ хийгээд суух боломжтой кофе шоп нээсэн гээд нийгэмд тустай үйл ажиллагаа хийж эхэлжээ. 2023 оны 6-р сард DPUB2 төслийн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагдсанаас хойш ажлын байрны дадлагажуулагчаар ажиллан өөрийн байгуулсан Кофе шопдоо хэдийнээ хоёр ч хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулж байгаа юм байна.   

“Түмэн шувуут” ХК-ийн зүгээс ХБХХЕГ-т хүсэлт тавьж, улмаар Ц.Цолмонбаатар дадлагажуулагчид санал тавих үед ямар ч эргэлзээгүй хүлээн авч, эхлээд Д.Тэлмүүнтэй өөртэй нь уулзахаар болжээ. “Түмэн шувуут” ХК дээр очиж Д.Тэлмүүнтэй уулзан, дараа нь байгууллага хамт олонтой нь уулзаж ярилцаад маргааш өдөр нь албан ёсоор ажлын байрны дадлагажуулагч хийх гэрээ байгуулав. 

зураг
 
Бэлтгэх цехийн дарга Ц.Алимаа /баруун гар тал/, Ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар /зүүн гар тал/, ачигч Д.Тэлмүүн /голд/

Д.Тэлмүүний хувьд асуултад маш товч буюу нэг, хоёр үгээр хариулдаг. Гэхдээ тодорхой зааварчилгаа өгсөн тохиолдолд ямар ч ажлыг маш сайн гүйцэтгэдэг бөгөөд фитнесээр хичээллэдэг учраас бие бялдрын хөгжил сайн, биеийн хүчний ажилд огтхон ч түүртдэггүй нь түүний давуу тал байсан тул өндөг зөөх, буулгах ажилд илүү тохирно гэж Ц.Цолмонбаатар дадлагажуулагч үзжээ. Ажилд орсон эхний 9, 10-р сард долоо хоногт нэг удаа компани дээр нь ирж, Тэлмүүний ажил байдалтай тогтмол танилцаж байв. Харин 11-р сараас дэмжлэгээ аажмаар багасган хүний нөөцийн менежер болон Д.Тэлмүүнтэй утсаар харилцаж, Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтаас сурч мэдсэн зүйлсээ бодит байдал дээр ашиглаж чаджээ. Мөн тус компанид хамгийн удаан ажиллаж байгаа ажилтантай уулзаж ярилцан, компанийн уур амьсгалтай танилцан гүнд нь орж ажиллажээ. 

Ц.Цолмонбаатар дадлагажуулагчийн талаар хүний нөөцийн менежер Б.Нямбаяр “Маш идэвх санаачилгатай, дайчин хүн. Тэлмүүний хамт ажилладаг залуустай тусгайлан уулзаж, ойлголт хандлагыг нь өөрчлөх зэргээр олон талын дэмжлэг үзүүлсэн” гээд “Энэ удаад Д.Тэлмүүнийг ажилд авсныхаа дараа ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээг авсан. Харин дараагийн удаа шинээр ажилтан авахдаа ажилд зуучлах шатнаас хамтарч ажиллая гэж бодож байна” гэв.

Бэрхшээл бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд биш эргэн тойрны хүмүүсийн хандлага ойлголтод байдаг

зураг
 
“Бэлтгэх цех”-ийн дарга Ц.Алимаа /зургийг 2023 оны 12-р сард авав/

Д.Тэлмүүнийг ажлын байранд нь бүх талаар тусалж дэмжиж ажилласан хүн бол “Бэлтгэх цех”-ийн дарга Ц.Алимаа юм. “Бэлтгэх цех”-д үйлдвэрүүдээс ирсэн шинэхэн өндөгнүүдийг агуулах руу зөөх, жинлэх, ангилах, хайрцаглах ажил явагддаг.

Ц.Алимаа дарга “Түмэн шувуут” ХК-ийг анх байгуулагдах цагаас нь одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Ц.Тэлмүүн бол түүний хувьд хамт ажиллаж байгаа хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй ажилтан юм. “Анх Тэлмүүнийг ажилд орж ирэхэд бусад ажилтнуудын зүгээс эвгүй хандлага гарах вий гэж санаа зовж байсан. Эхний хоёр өдөр аав ээж, гэр орных нь талаар асууж орчин, хамт олондоо дассаных нь дараа ажлыг нь нарийвчлан зааж эхэлсэн. Нэг дор олон зүйл заалгүй, бага багаар зааж, ажилдаа дадлагажих хүртэл нь олон дахин хэлж зааварчилж ажилласан” гэв. 

Д.Тэлмүүн нь Хүний нөөцийн менежер Б.Нямбаяр, Ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар, Цехийн дарга Ц.Алимаа нар болон бусад хамт олныхоо дэмжлэгтэйгээр  ажилдаа дадлагажиж, одоо бол “Ажилдаа дуртай” гэдэг үг амны уншлага нь болсон, нэг ч хоцролт таслалтгүй ажилтан болжээ. Ц.Алимаа дарга “Хичээж ажиллаж байгаа ажилтнуудаа харахад үнэхээр хайр хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь огтхон ч хамаагүй ээ” гээд үргэлжлүүлэн “Тэлмүүний хувьд миний хоёр охинтой нас ойролцоо болохоор ч тэр үү, өөрийн хүү шиг санагддаг. Нээлттэй хүндээ их нээлттэй. Рок хамтлагт дуртай тухайгаа, найз охиныхоо тухай гээд заримдаа их ярина аа” гээд инээмсэглэв. 

зураг
 
Д.Тэлмүүн Цехийн дарга Ц.Алимаагийн хамт агуулахад ажиллаж байна /зургийг 2023 оны 12-р сард авав/

Ц.Алимаа дарга ч мөн Д.Тэлмүүний ээжтэй утсаар яриад хүүгээ гэсэн аав ээж хоёрынх нь сэтгэлийг маш сайн ойлгосон гэнэ. Бас хүүгээ маш сайхан өсгөж хүмүүжүүлсэн хүмүүс байна даа гэж бодсон гэв.

Мөн тэр “Хүүхэд нь ямар нэг бэрхшээлтэй бол гэрээсээ гаргахгүй, нийгмийн харилцаанд оруулдаггүй эцэг эхчүүд их байдаг. Энэ нь хүүхдээ хайрлаж хамгаалж байгаа мэт боловч нэг талаараа хүүхэд нь ямар ч туршлага суухгүй, амьдрах чадваргүй болдог” гээд “Тэлмүүний хувьд өдөр бүр ажилд явж, нийгмийн харилцаанд орж байгаагийн цаана аав ээжийнх нь зоригтой зөв шийдвэр байсан гэж боддог” хэмээн бидэнтэй санаа бодлоо хуваалцсан юм.

Ц.Алимаа дарга Д.Тэлмүүнийг ажилд орсон эхний үед хамт ажилладаг залууст нь хандан Тэлмүүний аав ээж бэрхшээлтэй хүүгээ яагаад ажил хийлгэж байгаа тухай тайлбарлаж, сайн ойлгож дэмжиж ажиллах хэрэгтэйг сануулжээ.

зураг
 
Ц.Алимаа /зүүн гар талаас хоёр/, Б.Нямбаяр /баруун гар талаас хоёр дахь/, Ц.Цолмонбаатар /баруун гар тал/, Д.Тэлмүүн /зүүн гар тал/ нар ажлын дундуур хөөрөлдөж амжив /зургийг 2023 оны 12-р сард авав/

Д.Тэлмүүнийг анх ажилд ороход бусад ажилтнуудын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн орж ирэхээр ажлын ачаалал нэмэгдэх юм биш үү, илүү цагаар ажиллах болох байх“ гэх яриа гарч байсан гэнэ. Гэвч, Ажлын байрны дадлагажуулагч Ц.Цолмонбаатар болон Цехийн дарга Ц.Алимаа, Хүний нөөцийн менежер Б.Нямбаяр нар ажиллагсадтай тусгайлан хэд хэдэн удаа уулзаж, “Бэрхшээл бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд биш эргэн тойрны хүмүүсийн хандлага ойлголтод байдаг. Өөрөөр хэлбэл асуудал бидэнд байна” гэдгийг ярьж ойлгуулж чаджээ. Одоо ямар нэг асуудал, гомдол гарахаа больсон бөгөөд харин ч Д.Тэлмүүнийг амралтын цагаараа ажилтнуудтай хамт тамхилж, инээлдэж байгааг харах болсон гэнэ. 3 сарын туршилтын хугацаа дуусаж, үндсэн ажилтан болсон Д.Тэлмүүн өөрийн гэсэн хувцасны шүүгээтэй болж, тэр тухайгаа ээждээ баяртай нь аргагүй дуулгасан гэнэ. Үүнийг сонссон ээж нь Б.Нямбаяр менежер рүү утастаж, талархаж байгаагаа илэрхийлжээ.  

“Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд гэр бүлийнхний шийдвэр болон ажил олгогчийн хандлага ойлголт нэн чухал юм” гэж ярих Ц.Алимаа даргын ярианаас хувь хүний зүгээсээ ч, байгууллагын төлөөлөл гэдгээрээ ч аль аль талаас нь ойлгож дэмжиж байгаа нь мэдрэгдэж байв.   

Д.Тэлмүүн сүүлийн үед цалингаасаа хуримтлал үүсгэж эхэлсэн гэнэ. Хуримтлалаараа ирээдүйд өөрийн гэсэн байртай болмоор байгаагаа ч хуваалцав. Түүний гарт том гэгчийн бөгж байх ба аав нь түүнд авч өгсөн гэнэ. Аавынхаа өгсөн бөгжийг байнга зүүдэг нь аав ээжтэйгээ ямар сайхан харилцаатай байдаг нь харагдаж байв.

Олон хүний тус дэмжлэгтэйгээр ажилд орсон Д.Тэлмүүн одоо хамт олныхоо итгэлийг хүлээн сэтгэл дүүрэн ажиллаж, өөрийн хүсэл зорилготой болж, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж явна. Энэхүү нийтлэлийн төгсгөлд нэгтгэж хэлэхэд Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд оролцсоноор бие даан амьдрахад нь ямар их тустай болох, Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд гэр бүл болон ажлын хамт олны ойлголт хандлага маш чухал, Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар хамт олноор дамжуулан хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нийгэмд түгээх, Дөрөвдүгээрт, DPUB2 төслийн бэлтгэж буй ажлын байрны дадлагажуулагчийн үүрэг, оролцоо ялангуяа ХБИ болон ажлын байранд үнэлгээ хийж, тохирсон ажилд нь томилуулах, ажлын байранд нь дэмжлэг үзүүлэх, эдгээр дөрвөн зүйл маш чухал болохыг онцолмоор байна. 

Монголчууд бидний хувьд хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нэг болох өндгийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж буй компани бол “Түмэн шувуут” ХК юм. Тус компанийн тухай энэхүү нийтлэлээрээ бид нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан ажиллаж амьдрах боломж харьцангуй нэмэгдсэнийг харуулахыг зорилоо.    

【Байгууллагын мэдээлэл】

Байгууллагын нэр

“Түмэн шувуут” ХК

Үйл ажиллагааны чиглэл

Шувууны аж ахуй, малын тэжээл үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, органик бордооны үйлдвэрлэл, өндөгний цаасан үүр

Нийт ажилтны тоо

270 гаруй ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/

/Төв оффис, Шувууны аж ахуй, сав савлагааны  үйлдвэрт нийт 250 гаруй ажилтан/ охин компани болох “Усжуулах” ХК-д 20 гаруй ажилтан ажиллаж байна.

Төв офисс, Төв агуулах

Ойролцоогоор 20 гаруй ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо

6 ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтны тоо /Төв оффисын дэргэдэх агуулах/

1 ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/

ХБ-тэй ажилтан ажиллуулах болсон шалтгаан

・ХБ-тэй ажилтны аав нь зарын дагуу ажилд орохоор ирэхдээ хүүгээ мөн ажилд оруулах хүсэлт гаргасан байна.

・Хүний нөөцийн менежер нь ХБ-тэй иргэд болон зорилтот бүлгийн иргэдтэй ажилласан туршлагатай байсан ба хүний нөөцийн бодлогын хүрээнд байгууллагадаа ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.

・ХБ-тэй хүүгийнхээ ирээдүйн төлөө ажил хөдөлмөр эрхлүүлж, бие даан амьдрах чадвар суулгах хүсэлтэй аав, ээжийг нь мөн дэмжсэн.

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

・Ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгийг авч, үнэлгээ хийлгэн, ямар ажил тохирох талаар зөвлөгөө авч хамтран ажилласан.

・Ажлын байрны дадлагажуулагч ХБ-тэй ажилтныг ажилд орсон эхний 2 сар долоо хоногт нэг удаа ажлын байранд нь очиж дэмжлэг үзүүлэн, 3 дахь сараас нь дэмжлэгээ аажмаар багасган хүний нөөц болон ХБ-тэй ажилтантай утсаар ярьж мэдээлэл солилцсон. 

・Хариуцаж ажилладаг цехийн даргын зүгээс онцгой анхаарал тавьж ажилласан.

・ХБ-тэй ажилтны хамт ажилладаг ажилтнуудтай ганцаарчилж уулзан, хандлага ойлголтыг нь сайжруулах талаар хэд хэдэн удаа ярилцлага хийсэн.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222