Уншиж байна ...

Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликэйшнээр төлбөр тооцоо хийх боломжтой боллоо

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликейшнуудаараа төлбөр тооцоо хийх боломжтой боллоо 

Олон улсын финтек “Сэнд Эм Эн ББСБ” ХХК, төлбөр тооцооны QPay үйлчилгээ эрхлэгч “ККТТ” ХХК болон Солонгос улсын “GLN” гэсэн гурван компани хамтран Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликэйшнээр төлбөр тооцоо хийх үйлчилгээг нээж, өнөөдөр гурван талт хамтын ажиллагааг баталгаажуулж гарын үсэг зурлаа. 

Монгол улсад жилд дунджаар 100 гаруй мянган Солонгос иргэд аялал жуулчлалын зорилгоор ирж, нэг тэрбум гаруй долларын орлого оруулдаг.
Солонгос улс руу сурч хөдөлмөрлөх, эмчлүүлэх болон аялал жуулчлалын зорилгоор жилд 120 гаруй монголчууд явдаг.

Уг төлбөр тооцооны үйлчилгээний талаар "Сэнд Эм Эн ББСБ"-ийн гүйцэтгэх захирал Б.Төрболдоос дараах зүйлсийг тодрууллаа. 

- Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ямар боломжууд нээгдэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаач? 

- Манай компани болон QPay үйлчилгээ эрхлэгч "ККТТ" ХХК хамтран дотоод төлбөр тооцооны хамгийн том шийдлийг олон улсад нэвтрүүлэхээр 2023 оноос энэхүү ажлыг эхлүүлсэн. Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. 

  • Эхний шатанд Солонгос улсын жуулчид өөрсдийн хамгийн их ашигладаг дараах таван төлбөр тооцооны аппликэйшнээр монголын худалдааны байгууллагад QPay-н QR-ийг уншуулаад төлбөр тооцоогоо хийх боломжийг олгож байгаа юм. 
зураг
 
  • Хоёрдугаар шатанд Монгол Улсын гадаадад зорчиж байгаа иргэд өөрийн дурын банкны болон төлбөр тооцооны аппликэйшнийг Солонгос улс мөн GLN системд нэвтэрсэн Зүүн Өмнөд Азийн 10 гаруй улсад чөлөөтэй уншуулаад явж болно.
Монгол улсын иргэд дараах найман аппликэйшнээр төлбөр тооцоо хийж болно: SocialPay, Monpay, Pocket, Most Money, Ard, NetPay, Super up, Mongol chat 

- Шимтгэл хэд орчим төгрөг байх вэ? 

- Хамгийн уян хатан ханшийг барьж ажиллаж байгаа. Олон улсын картын шимтгэл 3-5 хувь байдаг. Бид энэхүү шимтгэлийг хоёр хувиас доош оруулахаар хамтын ажиллагаандаа тусгасан.

Монгол орны өнцөг булан бүрд буй бизнес эрхлэгчдийг QR кодоо шинэчлэхийг уриаллаа

- Хэзээнээс нэвтэрч эхлэх вэ? 

- Эхний шат буюу солонгос жуулчид Монголд QR уншуулах боломжтой болох үе нь зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд худалдааны аж ахуйн нэгжүүд тэр тусмаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид QR кодоо бэлэн байлгах шаардлагатай болж байна. Ингэснээр жуулчид QR кодыг ашиглан маш хурдан төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа юм. 


"Сэнд Эм Эн” болон Qpay компанийн зүгээс Монгол улсын засгийн газраас зарласан аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй илэрхийлэл нь энэхүү төлбөрийн үйлчилгээ юм гэдгийг онцоллоо. 

Монгол Улсдаа гадаад мөнгөн гуйвуулгын салбартаа тэргүүлж яваа, амжилттай олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн компани учир "Сэнд Эм Эн" ХХК-г сонгох болсон гэдгийг GLN компанийн гүйцэтгэх захирал Kim Kyungho хэлж байв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/708381141509609