Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд УИХ-д ирж, мэдээлэл хийхээ больчихлоо. Иймэрхүү завхарсан асуудалд арга хэмжээ авмаар байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр Ерөнхий сайд “PISA-2022” үнэлгээний Монгол улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл танилцуулах байв. 

Гэвч БШУ-ны сайд гадаад томилолттой байгаа учир тус мэдээллийг хойшлуулах хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Энэ долоо хоногийн үдээс хойших чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийх байсан боловч цуцлагдлаа. Хоёр долоо хоногийн өмнөх мэдээлэл мөн адил цуцлагдсан. 

Ерөнхий сайд УИХ-д ирж, мэдээлэл хийхээ больчихлоо. Салбарын сайд нь мэдээлэл хийнэ гэдэг боловч гадаад томилолттой гэсэн бичиг өгөөд дураараа хойшлуулчихдаг. 

УИХ-ын дэд дарга аа! дэг болон хуулиараа ийм боломж байгаа юу. Гүйцэтгэх засаглал парламентын дээр байна уу. Яг юу болоод байна аа. 

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ, сөрөг хүчний гишүүд асууна гэдэг ард түмний мэдэх эрхийг хангаж буй хэрэг. Парламентад буй олонх бол ард түмний 40 хувийн л саналыг авсан. Үлдсэн 60 хувь нь та нарыг дэмжээгүй. 

Ерөнхий сайд нь орж ирдэггүй. Салбарын сайд нь орон нутаг, олон улсын томилолттой байна гээд бичиг өгөөд хаячихдаг. Иймэрхүү завхарсан асуудалд арга хэмжээ авмаар байна. Үнэхээр томилолттой юу эсвэл зугтаад байна уу. 

Энэ удаагийн Ерөнхий сайдын мэдээлэлд "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмж"-ийн талаар байсан.

Үүнд маш чухал асуудлууд байгаа. Жишээлбэл есдүгээр ангийн 15 настай гурван хүүхэд тутмын хоёр нь эх хэлээрээ уншаад ойлгохгүй байна" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/872536061295035