Уншиж байна ...

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Одоо дампуурсан FTX криптовалютын арилжааны төвийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд өчигдөр АНУ-ын шүүх 25 жил шоронд хорих ял оноолоо.

Түүнийг харилцагчдынхаа $8 тэрбумтай тэнцэх хөрөнгийг луйвардсан гэж буруутгажээ.

Энэ нь нэгэн үе хамгийн залуу тэрбумтан, суут ухаантан хэмээн өргөмжлөгдөж байсан 32 настай Бэнкман-Фридийн уналтын сүүлчийн үе шат болж байна.

“Тэр үүнийгээ  буруу гэдгийг мэдэж байсан. Тэр гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр өөрийгөө баригдахгүй гэдэгт итгэж байсан нь харамсалтай. Өнөөдөр тэр буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна” гэж ялын тогтоолыг танилцуулахаасаа өмнө Манхэттэн дүүргийн шүүгч Люис Каплан хэлжээ.

Ажиглагчид Бэнкман-Фридийн үйлдсэн хэргийг АНУ-ын түүхэнд гарсан хамгийн том санхүүгийн луйвруудын нэг гэж үзэж байна.

“FTX төвийн үйлчлүүлэгчид болон зээлдүүлэгчдийн мөнгийг бүрэн төлж чадна гэсэн хариуцагчийн мэдэгдэл нь төөрөгдүүлсэн, логикийн хувьд алдаатай, таамаг төдий зүйл юм. Хулгайч хулгайлсан мөнгөөрөө Лас-Вегасийн казинод амжилттай бооцоо тавиад хожсон мөнгөөрөө хохирлыг барагдуулах замаар ялаас хөнгөлөгдөх учиргүй” гэж шүүгчийн дүгнэлтэд өгүүлжээ.

Холбооны прокурорууд Сэм Бэнкман-Фридэд 40-50 жилийн ял төлөвлөж байв. Харин түүний өмгөөлөгч үйлчлүүлэгчээ 5.25 жилийн ялаар шийтгүүлэх нь хангалттай гэж үзэж байжээ.

“Харилцагчдынхаа зовлонг ойлгож байна. Би тэдний зовлонг багасгах талаар огт бодоогүй нь алдаа байлаа. Шүүх үйл ажиллагааны турш би үүнийгээ илэрхийлж чадаагүйдээ харамсаж байна” гэж Бэнкман-Фрид ялын дүгнэлтийг сонссоныхоо дараа шүүгчид хандаж хэлжээ.

Массачусетсын Технологийн Их сургуулийн төгсөгч тэрбээр крипто зах зээлийн ид өсөлтийн үед Форбс сэтгүүлийн тооцоолсноор $26 тэрбумын хөрөнгөтэй болж, 30 хүрэхээсээ өмнө олон тэрбумын эзэн болсон суутан хэмээн алдаршиж байлаа.

Тэр бас 2022 оны Конгрессын завсрын сонгуулийн үеэр Ардчилсан Намын нэр дэвшигчдийн томоохон хандивлагч болж байжээ.

Гэвч FTX арилжааны төв 2022 оны арваннэгдүгээр сард дампуурсны дараа мөнгөө алдсан хохирогчдын гомдлын дагуу Сэм Бэнкман-Фридийг 2023 оны наймдугаар сард баривчилсан юм.

 

Эх сурвалж: Associated Press