Уншиж байна ...

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан "хаалга" $718,750-аар зарагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

1997 оны “Titanic” киноны зураг авалтад ашигласан модон хаалгыг дуудлагаар үнэ хаялцуулан зарахад нэг хүн $718,750-аар худалдаж авчээ.

Киноны гол дүр Роуз (жүжигчин Кэйт Уинслет) хөлгийг живэх үед энэ хаалган дээр хөвж амьд үлддэг. Киног гарсан цагаас хойш үзэгчдийн дунд хаалга Роузын дурлалт залуу Жэйкийг (жүжигчин Леонардо Ди Каприо) бас багтаах боломжтой байсан эсэх талаар маргаан үргэлжилсэн юм. Бүсгүйгээ хаалган дээр хөвүүлж амьд үлдээсэн Жэйк далайн хүйтэн усанд живж амиа алддаг.

Дуудлага худалдааны танилцуулгад хаалгыг “үзэгч фэнүүдийн дунд томоохон маргаан дэгдээсэн эд” гэж тодорхойлжээ.

“Planet Hollywood” ресторан, амралтын газрын сүлжээ өчигдөр өөрийн өмчлөлд байсан кинонуудын эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарсан юм.

2012 онд киноны найруулагч Жэймс Камерон үзэгчдээс энэ үзэгдэлтэй холбоотой Роузыг “амиа хичээгч”, Жэйкийг “тэнэг” гэж шүүмжилсэн захидал олныг хүлээж авч байснаа ярьсан байдаг.

Үзэгчдийн ихэнх нь хаалга гэж андуурдаг энэ ханын модон хавтанг 1912 онд живсэн Титаник хөлгийн үлдэгдэл эд зүйлсээс санаа авч кинонд ашиглаж байжээ.

зураг
 

Уг хавтан дурлалт хосыг хоёуланг нь аврах боломжтой байсан эсэхэд хариулт өгөх нэг баримтыг дуудлага худалдааг зохион байгуулагч “Heritage Auctions” танилцуулгадаа дурдсан байна.

Энэ нь хавтангийн овор хэмжээ юм. Хэмжээ нь 2.4 метр урт, 1 метр өргөн ажээ.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар бас “Indiana Jones and the Temple of Doom” киноны зураг авалтад ашиглагдсан ташуур $525,000-ын үнэ хүрсэн байна.

Жүжигчин Тоби Магуайрын өмсдөг хүн аалзны өмсгөл $125,000-аар зарагджээ. Дуудлага худалдаанаас нийтдээ $15.68 саяыг олсон нь киноны эд зүйлсийг өндөр үнэ хүргэсэн хамгийн амжилттай тохиолдлуудын нэг болохыг “Heritage Auctions” мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC