Уншиж байна ...

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Москва хотын “Crocus City Hall” цогцолборт гарсан террорист халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143 болж нэмэгджээ.

Оросын Мөрдөн Байцаах Хороо өчигдөр эдгээр хүмүүсийн нэрсийг зарласан байна.

Үүнээс гадна халдлагын дараа сураггүй алга болсон 100 гаруй хүний талаар иргэдээс дуудлага хүлээж авснаа мэдээлжээ.

Эндээс харвал амиа алдсан хүмүүсийн тоо цаашид өсөх өндөр магадлалтай байна.

Оросын сошиал ертөнцөд халдлагын дараа сураггүй болсон төрөл садан, ойр дотны хүмүүсээ сурагласан мэдээлэл дүүрэн байгаа юм.

Хохирогсдын ихэнх нь гал түймрийн утаанд угаартаж амиа алдсан байна. Баасан гарагийн орой “Crocus City Hall” цогцолборт Зөвлөлтийн үеийн Пикник рок хамтлагийн тоглолт болох байсан юм. Концертын танхим 6,000 хүний суудалтай байжээ.

Халдлагыг Исламын Улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбар үйлдсэнээ хүлээсэн ч Оросын эрх баригчид Украины талтай ямар нэг байдлаар холбохыг хичээж байгаа.

Одоогоор халдлагатай холбогдуулан 11 хүнийг баривчилсны дөрөв нь биечлэн гүйцэтгэсэн хүмүүс гэгдэж байна.

Тэд бүгд Тажикистаны иргэд байгаа юм.

Ням гарагт Москвагийн шүүх тэднийг терроризмын хэрэгт буруутгаж, мөрдөн байцаалт дуустал хорих шийдвэр гаргасан.

Энэ үеэр тэдний биеэс эрүүдэн шүүсэн шинж тэмдгүүд тодорхой харагдаж байв. Нэг нь бүр ямар ч ухаангүй, тэргэнцэртэй шүүх хуралд оролцсон юм.

Оросын сошиал ертөнцөд тэднийг харгисаар эрүүдэн шүүж байгааг харуулсан бичлэгүүд тараад байгаа. Тухайлбал нэгийг нь цахилгаан гүйдлээр цохиулж байсан бол нэгийнх нь чихийг огтлоод өөрт нь идүүлэхээр шахаж байжээ.

 

Эх сурвалж: CNN