Уншиж байна ...

Америкчуудын 40 орчим хувь Хятадыг хамгийн том дайснаа гэж үзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Вашингтонд төвтэй зөвлөх үйлчилгээний Gallup компани 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн санал асуулгынхаа 2024 оны үр дүнг өчигдөр танилцуулжээ.

Өнгөрсөн сард зохион байгуулсан уг судалгаанд америкчуудын 41 хувь нь Хятад улсыг АНУ-ын хамгийн том дайсан гэж үзсэн байна.

Дөрөв дэх жилдээ дараалан америкчууд Хятад улсыг гол дайснаараа нэрлэсэн нь энэ юм. Гэхдээ 2023 онд 50 хувийн саналаар нэрлэгдэж байсан нь энэ онд буурсан байна.

Орос, Иран улсууд тус тус 26 ба 9 хувийн саналаар удаалжээ. 2023 оны энэ санал асуулгаар Орос улс 32 хувийн санал авч байсан нь энэ жил буурсан бол Ираны санал өнгөрсөн оны 2 хувиас энэ жил эрс өссөн байна.

Улс төрийн үзэл баримтлалаар судалгаанд оролцогчдыг ангилахад Бүгд Найрамдахчуудын 67 хувь, нам бусчуудын 40 хувь Хятадыг хамгийн том дайснаар нэрлэсэн бол Ардчилсан намынхны дөнгөж 18 хувь үүнтэй санал нэгдэж байжээ.

Харин эсрэгээрээ Ардчилсан намын дэмжигчдийн 48 хувь Оросыг хамгийн гол дайснаар нэрлэсэн байна.

Хятад, Орос, Ираны дараа америкчуудын 5 хувь нь АНУ өөрөө өөрийнхөө дайсан гэж үзжээ.

Үүний дараа Умард Солонгосыг 4 хувь нь гол дайснаараа нэрлэсэн байна. 2023 онд Умард Солонгос 7 хувийн санал авч байсан бол 2018 онд 51 хувийн саналаар Америкийн хамгийн том дайсан болж байжээ.

Харин АНУ-ын найз нөхрөөр санал асуулгад оролцогчдын 83 хувь нь Канадыг, 83 хувь Японыг, 82 хувь Их Британийг, 79 хувь Германыг, 78 хувь Францыг, 77 хувь Тайванийг, 72 хувь Өмнөд Солонгосыг тус тус нэрлэсэн байна.

Санал асуулгыг утсаар зохион байгуулж, нэг мянга орчим насанд хүрэгчийг хамруулжээ.

 

Эх сурвалж: Kyodo News