Уншиж байна ...

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан эрчим хүчний урт тасалдал, хоол хүнсний хомсдолд бухимдсан иргэд Ням гарагт Куба улсын таван хэсэг газарт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Ням гарагийн орой АНУ-ын засаг захиргаа хөрш улсынхаа иргэдийн тэмцлийг анхааралтай ажиглаж байгааг мэдэгдээд Кубын эрх баригчдад хүний эрхийг хүндэтгэхийг уриалжээ.

Хариуд нь Кубын гадаад хэргийн яам Хавана дахь АНУ-ын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Бенжамин Зиффийг дуудаж, албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Энэ уулзалтын үеэр Кубын гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио “дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсанд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн” тухай яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Дараа нь АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Кубын иргэдийн жагсаал тэмцлийн ард Вашингтон байгаа гэж үзэх нь “утгагүй зүйл” болохыг хариу мэдэгдсэн байна.

Хүйтэн дайны үеэс эхэлсэн АНУ-Кубын дайсагнасан харилцаа ойрын жилүүдэд сайжрах төлөвгүй байгаа.

АНУ-ын засаг захиргаа Кубын коммунист дэглэмийн эсрэг худалдаа, эдийн засгийн хориг тавьсан нь одоо хүртэл үргэлжилж байна.

Хатуу чанга хараа хяналттай Куба улсад засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл ховор гардаг.

Хамгийн сүүлд Ян далайн хар салхины улмаас орон даяар долоо хоног орчим хугацаанд цахилгаан хангамж тасалдахад 2022 оны аравдугаар сард олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж байжээ.

Кубын ерөнхийлөгч Мигуэл Диас-Канел бас жагсаал тэмцэлд иргэдийг нь турхирсан Вашингтоны эрх баригчдыг шүүмжилсэн байна.

“Өмнөд Флорида дахь дундаж улс төрчид, террористуудын сүлжээ Кубын иргэдийг үймээн самуунд турхирч, улс орны дотоод хэрэгт оролцсон агуулгатай уриалга цацжээ. Гэхдээ тэд санасандаа хүрсэнгүй” гэж тэр Х хуудсандаа бичжээ.

Кубын эрх баригчид энэ удаагийн цахилгаан эрчим хүчний тасалдал долоо хоног дамнан үргэлжлэх бөгөөд эх үүсвэрүүд нийт хэрэгцээний гуравны хоёрыг л хангах хэмжээнд байгааг мэдэгдсэн юм.

Даваа гарагт Куба даяар нөхцөл байдал тайван өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: Reuters