Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн технологи-2023" үзэсгэлэнд БНСУ-ын тэргүүлэгч эмнэлэг, үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэн есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байна. 

Үзэсгэлэнд эрүүл мэндийн салбартаа тэргүүлэгч дотоод, гадаадын байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулдаг онцлогтой.

Энэ удаад БНСУ-ын КОТРА буюу Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Агентлагийн дэмжлэгээр БНСУ-ын үйлдвэрлэгч, экспортлогч 11 байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.  

Гурван хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд БНСУ-ын талаас:

  1. Dai Han Pharm
  2. GT Korea
  3. Gladdener
  4. LY-Meditour
  5. Jeil Pharmaceutical
  6. Wooridental
  7. Win Win Korea
  8. STS BIO 
  9. Seoul National University Bundang Hospital 
  10. Seodong medical 
  11. Osstem Mongolia зэрэг байгууллага "КОТРА Улаанбаатар"-ын хамт оролцож байгаа юм.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн техник технологитой танилцахаар дээрх байгууллагуудын үзэсгэлэнгээр зочиллоо. 

"Солонгосын компаниуд Монголын талаар илүү ихийг мэддэг болсноор шинэ зах зээл хэмээн харж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

КОТРА нь дэлхийн 85 улсад 128 салбартай бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудад экспортлоход нь туслалцаа үзүүлэн ажилладаг Солонгосын томоохон төрийн байгууллага билээ.

"КОТРА Улаанбаатар"-ын хувьд Монгол, Солонгосын гадаад худалдааны салбарыг шинэ түвшинд нээн хөгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд БНСУ, Монголын зах зээлийг хоёр талын бизнес эрхлэгчдэд танилцуулж хамтран ажиллахад нь тусалдаг.

"КОТРА Улаанбаатар" байгууллагын дэд дарга Ли Жонхүн "Манай байгууллага нь БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрлэгч компаниудыг Монголын зах зээлд гарахад туслалцаа үзүүлдэг. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү экспод "КОТРА"-гаас хоёр дахь жилдээ оролцож буй. 

Энэ удаад Солонгосоос 11 байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, үзэсгэлэнд оролцож байна. Солонгос улсдаа аль хэдийн танигдсан, олон жилийн туршлагатай томоохон компаниуд ирсэн. 

Нөгөөтээгүүр Монголд өөрсдийгөө хараахан танилцуулаагүй байгууллагуудыг ч урьж оролцуулсан байгаа. Үзэсгэлэнд оролцож буй 11 байгууллагыг гурван хэсэгт хувааж танилцуулж болох юм. Үүнд:

  • Эм, эмнэлгийн хэрэгсэл
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж
  • Солонгос улсын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл хүрэлцэн ирснээр онцлогтой.

Өмнө нь Солонгос компаниуд Монголын зах зээлийг бага гэж боддог байсан. Харин одоо Монгол Улсын талаар илүү ихийг мэддэг болсноор шинэ зах зээл хэмээн харж, манай байгууллагаар дамжуулан мэдээлэл авсаар байна" хэмээн онцоллоо. 

Үзэсгэлэнд оролцож буй Солонгос компаниудаас онцлон хүргэе.



Тарилга бэлтгэх болон өвчтөнд тариа хийх үед гадны нян бактериас сэргийлэх зорилготой тусгай хэрэгсэл, нүд хуурайшиж, ядарсан үед анагаах зориулалттай нүдний аппарат, дархлаа муудаж, ядарч сульдахдаа хийлгэх дусал, шингэн хүртэл энд цөм бүрэн байна.  

"Гадны нян бактерийг эм тариа, бэлдмэл рүү орохоос сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнээ хийж, гаргасан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Supporting The Safety(STS) BIO компанийн захирал, доктор, профессор Бэк Кевин "Манай байгууллага Монгол Улстай 12 гаруй жил хамтран ажиллаж байна.

Дусал, шингэнийг тариур эсвэл системд залгаж, зөөвөрлөхөд агаар дуслын замаар гадны нян бактери орох эрсдэлтэй байдаг. 

Тиймээс гадны нян бактерийг эм, тариа бэлдмэл рүү оруулахгүй байлгах зорилгоор энэхүү бүтээгдэхүүнийг 2020 онд хийж гаргасан. 

Эрүүл мэндийн хамгийн наад захын шаардлагыг хангах нь бидний зорилго. Гадны нян бактери орсон тариаг хүний биед хийхэд сөргөөр нөлөөлж, цаашлаад амь эрстэх аюултай учраас бүтээгдэхүүнээ хийж, гаргасан. Солонгос улсын томоохон эмнэлгүүдээр 100 хувь хэрэглэгдэж байна.

Эмийн бохирдол болон гоожилтоос урьдчилан сэргийлж, өвчтөнийг төдийгүй эмнэлгийн ажилчдыг ч хамгаалах зорилготой" хэмээн ярьсан юм. 

Нүд ядрах, бүрэлзэх зэрэг шинж тэмдгийн үед хэрэглэх нүдний аппаратыг санал болголоо

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Солонгосын хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас зөвшөөрөгдсөн нүд хуурайшилтыг эмчилдэг эмчилгээний аппаратыг ч “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байлаа. 

Тус аппаратын үр дүнгийн талаар "Seodong medical" компанийн менежер Ли Тони хэлэхдээ "Сүүлийн үед дэлгэцийн хэт хэрэглээнээс шалтгаалж, иргэдийн дунд нүд хуурайших, аргах, ядрах зэрэг шинж тэмдэг их ажиглагдаж байна. 

Утас их үздэг, компьютер дээр ажилладаг, машин удаан барьдаг хүмүүст нийтлэг илэрдэг хэд хэдэн шинж тэмдэг байдаг. Тухайлбал 

  • Нүдний ухархай руу чилж өвдөх
  • Нүд бүрэлзэх, торох, загатнах, улайх
  • Хэт мэдрэмтгий болж нулимс байнга гарах
  • Нүдэнд ямар нэгэн зүйл орсон мэт мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдгийг дурдаж болно. 

Эдгээр шинж тэмдэг бол нүдээ хайрлаагүйн илрэл. Дэлгэц байнга харж ажилладаг хүмүүсийн 60 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрдэг гэж үздэг. Ийм зовуурь байгаа бол заавал нүдний эмнэлэгт хандахгүйгээр манай нүдний аппаратыг хэрэглэх боломжтой. Анхан шатны эмчилгээг маш сайн хийдэг.

Нэг удаад 15 орчим минутын хугацаанд өглөө, орой хэрэглэхийг зөвлөдөг. Үүнийг 2-3 сар хэрэглэснээр үр дүнгээ өгнө гэж үздэг. 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бүхий л гэрчилгээг авсан. Одоогоор энэхүү бүтээгдэхүүнийг Америк, Герман, Казахстан зэрэг дэлхийн 10 орчим улс руу нийлүүлж байна" хэмээн танилцуулав. 

"Монголын зах зээлд амин хүчил буюу аминокомплекс гэдгээр танигдсан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Архаг ядаргаанд орж, дархлаа муудсан үед аминокомплекс хийлгэж, нэмэлт амин хүчлүүдээ авах хэрэгцээ иргэдийн дунд үүсдэг. Тэгвэл энэ төрлийн бүтээгдэхүүнийг Солонгос улсын "Dai Han pharm" компани Монгол Улсад нийлүүлж байна. 

Энэ талаар "Dai Han pharm" компанийн ерөнхий менежерийн орлогч Ким Жорж "Монголын зах зээлд амин хүчил буюу аминокомплекс гэдгээрээ танигдсан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Тодруулбал нийт 15 төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлж байна. 

Эмчилгээний тариа гэхээс илүү ядарч, сульдахад тухайн хүний дархлааг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн гэдгээр давуу талтай. 

Чили, Филиппин, Мьянмар, Перу зэрэг дэлхийн 20 гаруй улс руу бүтээгдэхүүнээ гаргадаг. Бид Монголд бүтээгдэхүүнээ оруулж ирээд 10 гаруй жил болж байна.

Манай бүтээгдэхүүнүүд аль хэдийнээ монголчуудад танил болсон. Цаашдаа ч монголчууддаа илүү олон хэрэгтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр ажиллана" хэмээн хэллээ. 

"Монгол үйлчлүүлэгчид гол төлөв хорт хавдрын өвчлөлөөр Солонгосын Бунданг нэгдсэн эмнэлэгт ирдэг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч томоохон компаниудын төлөөлөл ийнхүү энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна. Үүний зэрэгцээ дэлхийд алдартай 100 эмнэлгийн жагсаалтад багтаж, Солонгос улсдаа эрэмбээрээ тавд жагсдаг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Бунданг салбарын төлөөлөл “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнг зорьж иржээ. 

Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Бунданг салбарын олон улсын төв хариуцсан профессор Ким Сергей танилцуулсан юм.

Тэрбээр "Манай эмнэлэг анх 2003 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн анхны бүрэн хэмжээний дижитал эмнэлэг юм.

Энэ онцлогоос гадна 1,400 ортой буюу хэмжээгээрээ томд тооцогддог Солонгос улсын нэгдсэн эмнэлэг юм. Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Бунданг салбар хорт хавдар, тархи, зүрхний тасаг нь маш алдартай. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд эмчилгээгээ сайн хийдэг.

Мөн эрүүл мэндийн салбарт сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлсэн эмнэлэг гэдгээр онцлог, давуу талтай. Жишээлбэл, роботоор дамжуулж мэс засал хийдэг. Мөн хэвлийн хөндийн мэс заслыг хийж байна. Ингэхдээ аль болох маш бага зүсэлттэйгээр шарх, сорви үлдээхгүй мэс засал хийдгээр давуу талтай.

Манай эмнэлэг дэлхийд ходоодны хорт хаврын мэс заслын амжилтаар тэргүүлдэг.Ходоодны хорт хавдрын мэс засалд Европ, Япон, Америкаас илүү туршлагатай гэж хэлж чадна. Мөн уушгины хорт хаврын мэс заслаар мэргэшсэн" гэдгийг танилцуулав. 

Цар тахлын жилүүдээс хойш Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Бунданг салбараар үйлчлүүлэх монгол өвчтөнүүдийн тоо нэмэгдсэнийг тэрбээр яриандаа дурдсан юм. 

Энэ талаар "Монгол Улсад зохион байгуулагдаж буй анагаахын салбарын үзэсгэлэнд бид анх удаа оролцож байгаа. Цар тахлаас хойш манай эмнэлгээр үйлчлүүлэх монгол өвчтөнүүдийн тоо илүү нэмэгдсэн.

Манай тасагт олон төрлийн өвчний шалтгаанаар монгол үйлчлүүлэгчид ирдэг. Гэхдээ гол төлөв хорт хавдрын өвчнөөр ирэх нь элбэг. Сүүлийн үед зам тээврийн осолтой холбоотойгоор нөхөн сэргээх мэс засалд орох шаардлагатай өвчтөнүүд ирж байна.

Иймд манай эмнэлэг Монголд өөрсдөө очоод, экспод оролцсоноор илүү их мэдээллийг иргэдэд өгч чадна гэж бодсон. Энэ утгаараа эрүүл мэндийн үйлчилгээг монгол үйлчлүүлэгчдэдээ таниулахаар ирсэн" хэмээн хэлсэн юм. 

Ийнхүү БНСУ-д тэргүүлэгч эрүүл мэндийн салбарын төлөөллүүд Монголд ирж, дэвшилтэд техник, технологи, бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэж байна.

24 дэх жилдээ болж буй “Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэн энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.

Энэ үзэсгэлэнгийн хүрээнд Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд салбартаа нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй харилцан танилцаж, туршлага солилцох нөхцөл бололцоо бүрджээ.

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Хаан таур 23-н давхар

Холбоо барих: 77110140

Facebook: www.facebook.com/ulaanbaatar.kotra