Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Технологийн хөгжилд суурилж япон хэлээ сайжруулах боломжтой орон нутаг дахь УЛСЫН СУРГУУЛЬ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Чанартай боловсрол, тохитой сурах орчин, сонирхсон хэлээ судлах боломж зөвхөн Улаанбаатарын сургуулиудад л байдаг уу? ... 

Хаана суралцаж байгаагаас үл хамааран хүүхэд бүр таатай орчинд хамтдаа хөгжиж, сурч боловсрох эрхтэй. Хүсэл мөрөөдлөө ярилцаж, хичээлдээ шамдаж, ангиараа инээлдэж бас заримдаа дэггүйдсэн олон дурсамж сургууль дээр л өрнөнө.

Тэр дундаа ерөнхий боловсролын сургууль хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх гараа болдог. 

"Манай сургуульд япон хэлийг гуравдугаар ангиас эхлэн нэмэлтээр сонгон судлах боломжтой нь надад маш том аз завшаан, давуу тал болсон.

Багаасаа анимэ үздэг байсан учраас япон хэл сурахыг маш их хүсдэг байлаа. Хамгийн гоё нь аймаг маань япон хэл заадаг улсын сургуультай болохоор мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам илүү дөхөж очсон мэт санагддаг" хэмээн ярих сурагчийг О.Баттогтох гэдэг. 

Тэрбээр Өвөрхангай аймгийн "Мэргэд" лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Гуравдугаар ангиасаа эхлэн япон хэлний ангид элсэн орж, өнгөрсөн жил япон хэлний түвшин тогтоох шалгалтаа N5 оноотой өгчээ. Түүн шиг хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шамдан суралцаж буй олон сурагч бий. 

Хөдөө орон нутагт япон хэл заах улсын чанартай сургууль цөөн бий. Энэхүү цөөн сургуулийн нэг болох Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын улсын тэргүүний "Мэргэд" ЕБС-тай танилцсан сурвалжилгыг хүргэж байна. 



"Мэргэд" сургууль 1997 онд байгуулагдсанаас хойш сурагчдадаа бага, дунд боловсрол олгохын сацуу сонгон судлахыг хүссэн хүүхдүүдэд япон хэлний анхан, дунд шатны мэдлэг олгож байна.

Мөн 1-12 дугаар ангидаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэдгээр онцлогтойг "Мэргэд" лаборатори сургуулийн захирал Н.Норгинханд хэлж байлаа.

Тэрбээр үргэлжлүүлэн "Манай сургуулийн Япон улстай тогтоосон харилцаа 20 гаруй жил үргэлжилж, бага ангиас ахлах анги хүртэл хэлний хичээлийг зааж сургаж байна.

Бид үндэсний соёл, боловсролоор сурагчдыг өв тэгш хүмүүжилтэй болгох зорилго, зорилт тавихаас гадна гадаадын өндөр соёлтой оронтой харилцаа тогтоож, тэдний хэл, соёлыг сургах зорилго тавьдаг.

Алсдаа сурагчид маань өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмших боломж нээгддэг.

Энэ ажилд Япон улсын Элчин сайдын яам, Япон-Монгол төв, орон нутагт ажиллаж буй япон хэл судлаачид их дэмжлэг үзүүлж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд багш нар маань 2,000 гаруй хүүхдэд ерөнхий эрдмийн боловсрол эзэмшүүлжээ.

Түүнээс гадна 1,000 гаруй сурагч япон хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй төгссөн. 

12 дугаар анги төгсөж байгаа сурагчид маань япон хэлний түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгч, олон улсын тэтгэлэг авдаг. Манай төгсөгчдөөс Япон улсад мэргэжил дээшлүүлсэн, боловсрол эзэмшиж байгаа, мөн бусад оронд суралцаж, ахиж дэвшиж буй 200 гаруй төгсөгч бий.

Хүүхдүүд япон хэлийг сурснаараа хэлний чадвараа сайжруулаад зогсохгүй, алсдаа өндөр хөгжилтэй улсад мэргэжил эзэмших боломжоо нээдэг" гэдгийг танилцууллаа. 

Япон хэлний шинэхэн танхимтай танилцсан нь...

"Мэргэд" лаборатори сургуулийн сурагчдад суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Япон улсын Элчин сайдын яамнаас 40,091 ам.долларын хөрөнгө оруулжээ. 

“Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд “Мэргэд” сургуулийн япон хэлний танхимыг засварлаж, сурагчдын тоогоор 32 компьютер, ширээ сандал, бусад тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байв. 

Зургаадугаар сарын 12-нд багш, сурагчид шинэхэн танхимаа хүлээн авч, догдлол дүүрэн хичээлээ эхэлжээ. 

Ангийн шал, хана, тааз, гэрлийг засаж тохижуулан, ширээ, сандал, компьютер, ухаалаг самбар, принтер зэрэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байлаа. 

Одоо хүүхдүүд маань сурах бичиг ашиглахаас гадна давхар ухаалаг системээр хичээлээ үзнэ гэдгийг "Мэргэд" сургуулийн япон хэлний багш Ц.Дуламсүрэн инээмсэглэн хэлэв. 

Тэрбээр "Хүүхдүүд маань япон хэлний шинэ кабинеттай болсноороо маш их баяртай байгаа.

Одоогоор Мэргэд сургуульд 3-12 дугаар ангийн 300 гаруй хүүхэд япон хэлийг судалж байна. Сургуулиа төгсөөд цаашдаа Японы Засгийн газрын тэтгэлэг авдаг сурагч олон бий. 

Япон хэлний шинэ кабинеттай болсноор сурагчид маш идэвхтэй болж байгаа. Хичээлээ дуусгаад япон хэлний анги руугаа ороод үргэлжлүүлэн давтдаг.

Хэрвээ шавь нарт маань хийж чадахгүй зүйл, эргэлзээтэй асуулт тулгарвал багш тэр хүүхдийн хичээлийг дэлгэцээс үзээд ганцаарчлан заах бүрэн боломж нээгдлээ.

Улаанбаатар хот руу явахгүйгээр орон нутагтаа хөгжих боломж олгосонд багшийн хувьд таатай, баяртай байгаа.

Би хүүхдүүдтэйгээ найз шиг багш байхыг хичээдэг.

Хөдөөгийн нүд нь гялалзсан, сэтгэлд нь гал бадарсан сурагчдын төлөө энэ сайхан кабинетыг байгуулж өгсөнд талархаж байна. Манайх хөдөө орон нутагт байгаа япон хэл зааж, сургадаг ганц сургууль.

Түүнээс гадна япон хэлний түвшин тогтоох шалгалтыг жил бүр сургууль дээрээ зохион байгуулдаг. Сурагчид маань N3-N5 түвшний шалгалтуудаа сургууль дээрээ өгөх боломжтой гэсэн үг" хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Японы ахлах сургуулийнхантай цахимаар харилцаж, нэг сэдвийн хүрээнд ярилцах боломжтой болжээ

Ийнхүү япон хэлний ангийг тохижуулснаар Хокаядогийн Такикова ахлах сургуулийнхантай цахимаар харьцаж, хоёр талаасаа япон, англи хэлээр нэг сэдвийн хүрээнд ярих боломжтой болсон байна. Мөн хүүхдүүд ийм гоё ангидаа, хичээлдээ орох сайхан байна гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
 
Үүгээр зогсохгүй олон улсын U-Class программ ашиглан хичээлээ сонирхолтой байдлаар бэлтгэж, заах арга зүйн чадамж чадварууд ч нэмэгдэж байгаа аж. 

11 дүгээр ангийн сурагч Н. Мишээл "Бид U-Сlass программыг ашиглаад багштайгаа компьютероор холбогддог. Багш бидний хичээлийг хурдан шалгадаг учраас цаг их хэмнэдэг болсон шүү.

Ялангуяа энэ жил кабинеттай болсноороо компьютер, чихэвчээ ашиглаад сонсгол, уншлагаа давтахад илүү сонирхолтой болж өгсөн нь сайхан" гэж сэтгэгдлээ илэрхийлэв. 

Мөн 12 дугаар ангийн сурагч Ц.Санжаажамц "Өмнөх кабинетуудаас маш их ялгаатай, сургалтын орчинд дэвшилтэт өөрчлөлт гарсан. Энэ нь бүх сурагчдад мэдрэгдэж байгаа" гэв. 

Япон хэлний ангийнхан шинэхэн танхимдаа хамтдаа суралцаж, багштайгаа хөгжилтэй аргаар хичээлээ давтахад тэр ангид хамгийн сайхан энерги мэдрэгдэж байлаа. 

Сурагчид чөлөөт цагаараа оригами хийж, ханз бичиж, комик уншиж хэлээ давтдаг

Япон хэлний ангийнхан өөрсдийн хичээл сургалт, дугуйлан, чөлөөт цагаараа хийх дуртай үйл ажиллагаагаа танилцуулахаар урлагийн зааландаа тусгай хөтөлбөр бэлджээ.

Тэдний өртөөчилсөн тусгай хөтөлбөртэй танилцаж, цаасан урлал хийж, комик ном уншиж, анимэ үзэж хэлээ сайжруулах хөгжилтэй аргуудтай танилцлаа. 

Ханзны клубийнхний уран сэтгэмж...

Сурагчид хичээлийн бус цагаараа ханзны клубт хамрагдан ханзыг ямар дүрстэй адилхан байна тэрүүгээр нь сонирхолтой аргаар ханзаа суралцан тогтоож авдаг байна.

Жишээ нь ханзны наадам хэмээх энэ ном нь гурван бүлэгтэй. Энэхүү номонд манай сургуулийн хүүхдүүд тухайн ханз ямар дүрстэй адилхан байна өөрсдийнхөө сэтгэхүйгээр зуран бүтээлээ дэлгэжээ.

Ханз нь ойролцоогоор 3,300 жилийн өмнө Хятадад бий болсон гэж үздэг. Улмаар Солонгос, Вьетнам, Япон улс ханзны хэлбэр дүрс, зурлагыг нь өөрчлөн өөрсдийн бичиг үсгийг зохиож хэрэглэж эхэлсэн байдаг.

Манай клубийн сурагчдын дэвтрүүд энд харагдаж байгаа. Ханзыг бичиж цээжилснээр илүү хурдан тогтоож, бичих явцдаа тайвширч, стресс тайлагдаж, бясалгал болж өгдгийг сурагчид тайлбарлан, танилцуулав. 

Цаасан урлал буюу "оригами" клубийнхэн бүтээлээ дэлгэжээ

Бид өчигдөрхөн энэ ханыг чимэглэсэн гэж хэлээд "оригами" хийж үзүүлэх эдгээр сурагч бол Мэргэд сургуулийн япон хэлний ангийнхан. 

Багаасаа "оригами"-гаар хичээллэхээр их чөлөөт сэтгэлгээтэй болж, нийтэч хамтач болж, ой тогтоолт сайжирдаг ач тустайг тэд дуу нэгтэй хэлж байв. 

Анимэ болон манганы тухай илүү ихийг мэдэж авав

Анимэ нь Япон улсын өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай, хүүхэлдэйн киноны нэгэн төрөл юм. Хүүхэлдэйн киног ихэнх нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан гэж ойлгодог. Гэхдээ том хүмүүс ч сонирхож үзэж болно. Нас насны онцлогт тохируулан өөр өөрийн ангилал, төрөл жанартай. 

Манга бол нэгэн төрлийн япон комик ном гэсэн үг. Ихэвчлэн хар, цагаан байдаг бөгөөд япон хэл нь зүүнээс баруун тал руу чиглэж уншдаг өвөрмөц онцлогтой.

Сурагчдын шалгалтаа бэлдсэн дэвтэр ч дэлгээтэй байна

Манай сургуульд жил бүр арванхоёрдугаар сарын эхээр япон хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Хүүхдүүд шалгалтдаа бэлддэг дүрмийн дэвтэр, ханзаа цээжилдэг үгийн дэвтэр, ханзны бичвэрүүдээ ч үзүүлэв. 

Хүүхдүүд ам уралдан хийж буй бүтээл, хийсэн хичээлийнхээ талаар тайлбарлана. Бас хүсэл мөрөөдлөө ч хэлж байв. 

"Би ирээдүйд архитектур мэргэжлээр суралцах мөрөөдөлтэй. Улаанбаатар хотын төлөвлөлт муу байдаг шүү дээ. Тиймээс ирээдүйд архитектураар суралцаж төгсөөд Өвөрхангай аймгийн Хархорин суманд шинэ хот байгуулагдвал төлөвлөлтийг нь гаргаж, тэнд сүндэрлэх барилгуудын зураг төслийг нь хийхийг мөрөөддөг" гэж Мэргэд сургуулийн япон хэлний ангийн сурагч О.Баттогтох хүсэл мөрөөдлөө хуваалцав. 

Түүн шиг олон хүүхэд япон хэлээ хичээж сураад ирээдүйд сайн боловсон хүчин болж, эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа.