Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч өөрийг нь пуужингаар сүрдүүлж байсныг Борис Жонсон ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хувь хүнийх нь хувьд айлган сүрдүүлж байсныг Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон ярьжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд халдан довтлохоос хэдхэн хоногийн өмнө утсаар ярилцах үеэр ингэснийг тэр BBC агентлагийн өнөөдөр цацагдаж эхэлсэн баримтат кинонд өгүүлсэн байна.

Халдан довтлохоос өмнө Өрнөдийн орнуудын удирдагчид дайныг эхлүүлэхгүй байх арга зам хайж, ОХУ-ын ерөнхийлөгчтэй ээлж дараалан утсаар ярьж байсан юм.

“Борис, би чамайг гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ пуужин харвахад ердөө нэг минут л болно” гэж Путин өөрт нь хэлж байсныг Жонсон дурссан байна.

“Дуу хоолойнх нь тайван өнгө аяс, хөндий хүйтэн уур амьсгалаас харвал тэр зүгээр л миний яриа хэлэлцээ хийх гэсэн оролдлогын хариуд тоглож байсан байх” гэж тэр нэмж хэлжээ.

Жонсон бас энэ үеэрээ Украиныг НАТО-д элсүүлэх төлөвлөгөө байхгүйг Путинд тайлбарлаж байсан гэнэ.

““Борис, та Украиныг НАТО-д тийм хурдан элсэхгүй гэж хэлж байна. Хурдан гэдэг нь ямар хугацаа вэ?” гэж тэр надаас асуухад би “Ойрын ирээдүйд элсэхгүй гэсэн үг. Та үүнийг сайн мэдэж байгаа” гэж хариулж байлаа” гэж Борис Жонсон ярьжээ.

Тухайн үед Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс орныг нь НАТО-д элсүүлэхгүй байгаад гомдоллон ярьж байсныг Жонсон бас дурссан байна.

“Хэрвээ Орос маргааш Украиныг эзлэх гэж байгааг мэдэж байгаа юм бол үүнийг зогсоох зүйлийг өнөөдөр та нар яагаад бидэнд өгөхгүй байгаа юм бэ? Өгч чадахгүй бол өөрсдөө зогсоо” гэж Зеленский түүнд хэлж байжээ.

 

Эх сурвалж: AFP