Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ачааны автомашины хэмжээтэй астероид маргааш өглөө дэлхийд ойрхон нисэж өнгөрнө

Т.Давааням, ikon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Ачааны автомашинтай хэмжээгээр ойролцоо астероид Улаанбаатарын цагаар маргааш өглөө 8:37 цагт Өмнөд Америк тивийн урд үзүүр дээр 3,600 км зайд нисэж өнгөрөхийг NASA мэдээлжээ.

Энэ бол дэлхийн тойрог замд ажиллаж буй харилцаа холбооны хиймэл дагуулуудаас 10 дахин ойрхон зай юм.

Астероид дэлхийд унах магадлал маш бага гэж NASA үзэж байна.

Уналаа ч ихэнх хэсэг нь агаар мандалд шатаж, үлдсэн багахан хэсэг нь солир болж газар унах боломжтой гэнэ.

Дөнгөж Бямба гарагт уг биетийг илрүүлж, 2023 BU гэж нэрлэжээ. 3.5 метрээс 8.5 метрийн хооронд хэмжээтэй астероид нь сүүлийн жилүүдэд дэлхийд хамгийн ойрхон ирсэн сансрын биетүүдийн нэгд тооцогдож байна.

Астероид дэлхийд ийм ойрхон өнгөрсний үр дүнд татах хүчний нөлөөгөөр тойрог зам нь нэлээд өөрчлөгдөж, 359 хоногт нарыг нэг бүтэн тойрдог байснаа 425 хоног болж уртсахыг NASA тооцоолжээ.

2019 онд од хооронд аялагч сансрын ховор биетийг анх илрүүлж байсан Крымийн астрономи сонирхогч Геннадий Борисов энэ удаа бас 2023 BU астероидыг анх илрүүлсэн байна.

Түүнийг зарласны дараа дэлхийн бөмбөрцгийн олон хэсэгт байрладаг телескопууд астероидыг ажиглалтдаа авч, замыг нь тооцоолж, эрсдэлийг нь үнэлсэн юм байна.

 

Эх сурвалж: Associated Press