Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ээс Бразил хасагдаж, Аргентин үлдэв

Т.Давааням, ikon.mn
2022 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Аргентины шигшээ багийн хожилд гол үүрэг гүйцэтгэсэн Месси, Мартинез нар

Өнгөрсөн шөнө болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найман багийн эхний хоёр тоглолт үндсэн цагтаа тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор шийдэгдлээ.

Үр дүнд нь Өмнөд Америкийн хүчирхэг хоёр багийн нэг нь нутаг буцаж, нөгөө нь цааш өрсөлдөхөөр болж байна.

Эхний тоглолт Бразил, Хорватын шигшээ багуудын хооронд өрнөж, үндсэн цагтаа аль нь ч гоол оруулалгүй тэнцсэн юм. Ингээд нэмэлт цагт тоглолт үргэлжлэхэд эхлээд Бразил (Неймар 105 дахь минутад), дараа нь Хорватын баг (Петкович 117 дахь минутад) гоол оруулж, тэнцсэн байна.

Торгуулийн цохилтоор хожлыг шийдэхэд Хорватчууд дөрвөн гоол дараалан оруулж, Бразилын баг хоёр цохилтоо алдсанаар 2018 оны ДАШТ-ий дэд аварга Катар 2022 тэмцээний шөвгийн дөрөвт үлдлээ.

зураг
 

Дараа нь Аргентин, Нидерландын шигшээ багууд мөн үндсэн цагтаа тус бүр хоёр гоолтой тэнцэж, нэмэлт цагт хайнаа хагалж чадаагүй тул торгуулийн цохилт гүйцэтгэсэн юм.

Аргентины хаалгач Эмилиано Мартинез өрсөлдөгчийнхөө эхний хоёр цохилтыг хааснаар шигшээ багаа 4:3 харьцаагаар хожиход чухал үүрэг гүйцэтгэлээ.

Аргентины шилдэг тоглогч Лионел Месси энэ тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын бөмбөг дамжуулсан юм.

Тэрбээр ДАШТ-ий нийт 17 гоолд оролцсон (10 гоол оруулж, 7 гоол дамжуулсан) амжилтаар Диего Марадонаг (16) гүйцэж, шигшээ багийнхаа түүхэнд дээд амжилт тогтоожээ.

Месси бас ДАШТ-д нийт 10 гоол оруулсан дээд амжилтаар Аргентины шигшээгийн түүхэнд Габриэл Батистутатай зөвхөн зэрэгцэж байна.

ДАШТ-ий хасагдах шатанд дөрвөн гоолын дамжуулалт өгсөн Пелегийн дээд амжилтыг тэр таван дамжуулалтаар гүйцэж түрүүлжээ.

Катар 2022 тэмцээний шөвгийн 8-ын шатанд Европын 5, Өмнөд Америкийн 2, Африкийн 1 шигшээ баг шалгарч үлдээд байв.

Шөвгийн дөрөвт Өмнөд Америк тивээс ганц баг үлдсэн нь Аргентин болж байна.

Өнөөдөр шөнө болох хоёр тоглолтоор Франц, Англи, Марокко, Португалийн шигшээ багуудын хоёр нь шөвгийн дөрөвт шалгарах юм.

 

Эх сурвалж: BBC