Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг үзэгчийг гэмтээснийхээ дараа Guns N’Roses хамтлаг микрофон шиддэг уламжлалаасаа татгалзах амлалт авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саяхан Австралид болсон тоглолтын үеэр нэг үзэгч гэмтсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа Guns N’Roses хамтлагийн гоцлол дуучин Эксл Роуз дахин үзэгчид рүү микрофон шидэхгүй гэж амлажээ.

Энэ жил 60 нас хүрч байгаа Роуз тоглолт бүрийнхээ дараа микрофоноо үзэгчид рүү шидэж, шүүрч чадсан фэнүүдийнхээ нэгэнд дурсгал болгон үлдээдэг уламжлалтай.

Харин энэ долоо хоногийн Мягмар гарагт Австралийн Аделэйд хотод болсон тоглолтын үеэр Рибэка Хоу хэмээх эмэгтэй микрофоноор нүүрэндээ цохиулсан тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

“Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол бид хэнийг ч гэмтээх зорилгогүй байснаа хэлмээр байна. 30 гаруй жилийн турш шоуны төгсгөлд бид үргэлж микрофоноо шидэж, фэнүүдийнхээ нэгэнд шүүрч авах боломж олгодог байсан. Одоогоос эхлээд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дахин үзэгчид рүү микрофон болон бусад ямар нэг зүйл шидэхээ зогсоох болно” гэж Эксл Роуз твиттер хуудсандаа бичжээ.

Хохирогч эмэгтэй нүднийх нь доод хэсэг болон хамрынх нь нуруу шалбарсныг харуулсан гэрэл зургаа сошиал хуудсандаа нийтэлж байсан юм.

Америкийн рок хамтлаг тоглолтынхоо төгсгөлд “Paradise City” дууг дуулсны дараа Роуз микрофоноо шидэж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian