Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хунтайж Уилльямын загалмайлсан эх арьс өнгөний үзэлтэй холбоотой дуулианы улмаас ордноос явжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Хатагтай Сюзан Хасси

Арьс өнгөний үзэл гаргасан хэмээн шүүмжлүүлсэн Их Британийн хааны гэр бүлийн ойрын хүн албан тушаалаасаа огцорч, ордноос явахаар болжээ.

Дуулианд холбогдсон 83 настай Сюзан Хасси нь хунтайж Уилльямын загалмайлсан эх юм. Тэрбээр олон жил талийгаач хатан хааны шадар бараа бологч байсан ба одоогийн хаан Чарльзын хатан Камиллагийн дэргэд үргэлжлүүлэн ажиллаж байжээ.

Мягмар гарагт Британийн хааны ордонд болсон хүлээн авалтын үеэр Хасси нэгэн хүний эрхийн байгууллагын тэргүүн эмэгтэйгээс “Африкийн яг аль хэсгээс гаралтай вэ” гэж дахин дахин асуусан юм байна.

Түүнтэй ярилцсан “Sistah Space” гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагын гүйцэтгэх захирал Нгози Фулани нь африк гаралтай ч Лондонд төрж өссөн хүн байжээ.

Өөрийгөө Лондонд төрсөн, Британийн иргэн болохыг дахин дахин хэлсэн ч “Яг хаанаас ирсэн хүн бэ? Хэзээ ирсэн бэ?” гэж асуусаар байсныг тэр хүлээн авалтын дараа сошиал хуудсандаа бичсэн юм. Гэхдээ Хассигийн нэрийг бүтэн дурдалгүй, “Lady SH” гэх эмэгтэй гэж бичжээ.

Британийн хэвлэлүүд нэр дурдагдсан эмэгтэй Сюзан Хасси болохыг сүүлд тогтоосон байна.

Ордны хатагтай дахин дахин асуусаар байсан тул Фулани эцэст нь “Африк гаралтай, Карибын цагаачийн үр сад” гэж өөрийгөө танилцуулахаас аргагүйд хүрсэн гэнэ.

Букингэмийн ордноос гаргасан мэдэгдэлд болсон явдлыг “байж боломгүй зүйл” гэж тодорхойлоод гүн харамсал илэрхийлжээ.

Бас хатагтай Сюзан Хасси ордонд гүйцэтгэдэг ажил үүргээсээ чөлөөлөгдөх болсныг мэдээлсэн байна.

АНУ-ын Бостон хотод зочилж байгаа хунтайж Уилльям, ахайтан Кэйт Мидлтон нарын хэвлэлийн төлөөлөгч “Арьс өнгөний үзэл манай нийгэмд байх ёсгүй. Ийм үг хэлсэн нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл. Холбогдсон хүн албан тушаалаасаа огцорсон нь зөв алхам” гэж мэдэгджээ.

Хатагтай Хассийг ордноос явуулах шийдвэр гаргахад хунтайж оролцоогүйг бас мэдээлсэн байна.

АНУ-ын иргэн, өнгөт арьстан эмэгтэйтэй гэрлэсэн хунтайж Харри язгууртны хэргэмээсээ татгалзаж, Букингэмийн ордноос явсны дараа Британийн язгууртнууд арьс өнгөний асуудалд их эмзэг хандах болсон юм.

Уилльям, Кэйт нарыг Бостонд байх үеэр Харри, Меган нар Нью-Йорк хотод болох нэгэнд арга хэмжээнд оролцох ч тэднийг хоорондоо уулзах төлөвлөгөөгүйг эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP