Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Дотоодын цэргийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байх үед баривчлах, нэгжлэг хийхийг хориглоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлжээ.

Уг хууль батлагдсанаар алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, улсын онц чухал болон бусад объектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Үүнээс гадна албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана гэсэн заалт хэрэгжих юм байна.

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалтууд:

  • Дотоодын цэргийн байгууллага нь төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байна.
     
  • Цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад, эсхүл тухайн 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, Дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлнэ.
     
  • Дотоодын цэргийн алба хаагчид хот, суурин дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчино.
     
  • Шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно.
     
  • Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа дотоодын цэргийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно.
     
  • Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно.
     
  • Хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно.
     
  • Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, шаардлагатай тохиолдолд улсын онц чухал объектоос бусад объектыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангана гэсэн заалтуудыг нэмж оруулахаар болжээ.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батална.