Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Английн хүн амын дунд шашингүй үзэлтнүүдийн тоо нэмэгдэж, загалмайн шашинтнууд анх удаа цөөнх болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг Англи, Уэльсийн хүн амын дунд загалмайн шашинтнууд анх удаа цөөнх болсон нь сүүлд явуулсан тооллогын дүнгээс харагджээ.

Мягмар гарагт тус улсын Үндэсний Статистикийн Алба 2021 онд явуулсан хүн амын тооллогынхоо дүнг танилцуулсан юм.

Ийм тооллогыг арван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд өмнөх арвантай харьцуулахад Их Британи улсад ерөнхийдөө шашин шүтдэг хүмүүсийн тоо буурч, цагаан арьстнуудын тоо цөөрсөн байна.

Тухайлбал Англи, Уэльсийн хүн амын 46.2 хувь нь өөрийгөө загалмайн шашинтан гэж мэдүүлсэн нь арван жилийн өмнөх 59.3 хувиас нэлээд буурч, анх удаа талаас доош хувь хэмжээнд хүрсэн тохиолдол болжээ.

Харин муслим хүн амын эзлэх хувь эсрэгээрээ 4.9 хувиас 6.5 хувь болон өссөн байна. Үүнээс гадна 1.7 хувь нь Хиндү шашинтан болсон нь өмнөх арваны 1.5 хувиас бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ.

Харин нийт хүн амын гуравны нэгээс илүү хэсэг буюу 37 хувь нь өөрийгөө шашингүй үзэлтэн гэсэн байна. 2011 онд энэ хувь хэмжээ 25 байжээ.

Их Британийн бусад улсууд болох Шотланд, Умард Ирланд тооллогын дүнгээ тусад нь тайлагнадаг юм.

Британийн төр, засаг шашинтай нягт холбоотой байдаг. Тус улсын засгийн газар Английн шашны сургуулиудыг санхүүжүүлж, Англикан сүмийн хамба лам нар парламентын дээд танхимд суудаг. Мөн Британийн хааныг “шашин шүтлэгийг хамгаалагч” хэмээн цоллож, бүх сүм хийдүүдийн тэргүүнд өргөмжилдөг байна.

“Тооллогын хамгийн их гайхшируулсан үр дүн бол иргэд болон төрийн хооронд ямар их ялгаа бий болсон нь юм. Бид Европын аль ч улсаас илүү шашинлаг төр, засаглалтай мөртлөө маш олон шашингүй иргэдтэй улс болоод байна” гэж Hummanists UK төрийн бус байгууллагын тэргүүн Эндрью Копсон ярьжээ.

Английн сүм хийдүүдийн хамгийн том мяндагтнуудын нэг, Йоркийн хамба лам Стивен Коттрел “Бүх хүмүүсийг автоматаар загалмайн шашинтанд тооцдог цаг үе өнгөрсөн хэдий ч олон хүн амьдралын утга учир, мөн чанарыг ойлгох хүсэлтэй явдаг нь бусад судалгаануудаас тогтмол харагддаг. Тиймээс шашны итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө улам шаргуу ажиллах шаардлага бидэнд тулгарч байна” гэж ярьсан юм.

Шашин шүтлэгээс гадна Англи, Уэльсийн хүн амын доторх цагаан арьстнуудын эзлэх хувь хэмжээ сүүлийн арван жилийн хугацаанд 86 хувиас 82 хувь болж буурчээ. Хүн амын 9 хувь нь Ази, 4 хувь нь Африк, 3 хувь нь холимог буюу олон угсаатнаас гаралтай, 2 хувь нь эдгээрээс өөр гаралтай гэж өөрийгөө тодорхойлсон байна.

 

Эх сурвалж: Associated Press