Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын эрх баригчид дараагийн цэргийн дайчилгааг зарлах гэж буй тухай яриа эрчимжиж байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн есдүгээр сарын 21-ний өдөр зарлаж байсан цэргийн хэсэгчилсэн дайчилгаа өнгөрсөн сарын сүүлээр өндөрлөсөн юм.

Гэхдээ ерөнхийлөгч Путин дайчилгааг зогсоох захирамжийг батлан хамгаалах яамандаа амаар өгсөн бөгөөд ямар нэг тушаал, зарлиг бичгээр гараагүй байгаа. Өөрөөр хэлбэл дайчилгааг зогсоосон нь хууль эрх зүй талаасаа хүчин төгөлдөр шийдвэр биш юм.

Энэ нь цэргийн дайчилгаа удахгүй дахин эхэлж болзошгүй гэсэн айдсыг Оросын олон нийтийн дунд үүсгээд байна.

Энэ долоо хоногийн Мягмар гарагт ОХУ-ын нэг субъект болох Карелын Бүгд Найрамдах Улсын хууль тогтоогчид Путинд бичсэн их захидалдаа цэргийн дайчилгааг албан ёсоор зогсоосныг батлах баримт бичигт гарын үсэг зурахыг уриалжээ.

Захидлыг бичсэн Эмилия Слабунова, Инна Болучевская нар нь Украины дайны эсрэг байр суурь баримталдаг сөрөг хүчний Яблоко намын төлөөлөгчид ажээ.

Тэдний бичсэн захидал Телеграм хуудсанд нь нийтлэгдсэн байна.

Цэргийн дайчилгааг зогсоосон тухай албан ёсны бичиг баримт байхгүй байгаа нь “нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, айдас түгшүүр бий болгож байгааг” тэд захидалдаа тайлбарлажээ.

Эмилия Слабунова өөрийнх нь тойргийн зарим сонгогчдын сэтгэцийн эрүүл мэнд муудаж, стрессээр шаналж буйг жишээ болгон дурдсан байна.

Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар РИА Новости агентлагийн сэтгүүлч асуухад ийм захидал огт хүлээж аваагүйгээ мэдээлжээ.

Үүнээс гадна Кремлийн бодлогыг дэмжигч блоггерууд цэргийн шинэ дайчилгаа 2022 оны арванхоёрдугаар сард, эсвэл 2023 оны нэгдүгээр сард зарлагдаж болзошгүй тухай бичсээр байна.

Бас саяхан Санкт-Петербургийн нэг оршин суугчийн хүлээж авсан 2023 оны нэгдүгээр сард цэрэг татлагын байранд очих хугацаатай зарлан дуудах хуудасны гэрэл зураг Оросын сошиал сүлжээнд таржээ.

Цэргийн дайчилгаанд хамрагдсан ч командлагчийнхаа тушаалыг биелүүлэхээс татгалзсан иргэний хэргийг анх удаа шүүхэд шилжүүлсэн тухай мэдээг өнгөрсөн долоо хоногт ТАСС агентлаг тараасан юм.

Үүнийг эрх баригчид дараагийн ээлжийн дайчилгаандаа бэлдэж байгаагийн илрэл байж болзошгүй гэж зарим ажиглагчид дүгнэж байна.

Үүнээс гадна Украины дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ирэх оны нэгдүгээр сард Оросын эрх баригчид 500,000-700,000 бэлтгэл хүчийг цэрэгт дайчлахаар бэлдэж буй тухай саяхан твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider