Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Үзэл бодлоо илэрхийлсний төлөө нүүрс тээврийн жолооч нарыг ажлаас халсан нь Үндсэн хууль зөрчиж байна"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жолооч, тээвэрчдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд тус ҮЭ-ийн холбооны дарга С.Батаа, зохицуулагч Г.Баатар, хохирсон жолоочдын төлөөлөл байлцлаа.

Үндсэн хуулийн 17.2-т заасанчлан иргэд хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллага, хувийн хэвшлийнхэн хүндрэл учруулж байгаа талаар тэд хэлсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ҮЭ-ийн холбооны дарга С.Батаа “Мэргэжлийн байгууллагууд нь шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байгаа учраас манай улсад КОВИД-19-ийн шинжилгээ авах шаардлагагүй болсон. Учир нь хотоос гарахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гардаг ч Цагаан хадны шалган нэвтрүүлэх дээр эерэг болж өөрчлөгддөг. Энэ нь шинжилгээг хуурамчаар үйлддэг болохыг батална. Өөрөөр хэлбэл, компанийн менежерүүд дургүй ажилчдынхаа шинжилгээг эерэг гаргаж, тэднийг цалин, цаг хугацаагаар хохироох тохиолдол нэмэгдсээр байна. Мөн ажил олгогчид гурван талт хөдөлмөрийн гэрээг хийдэггүйгээс болж, жолооч нар эрүүл мэнд, цалин хөлсөөр хохирч үлддэг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлд элссэн жолооч нарыг ажил олгогчид нь шахан хавчиж, ажлаасаа гарахыг шаардаж байгаа нь хууль бус үйлдэл” гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ҮЭ-ийн холбооны зохицуулагч Г.Баатар “Манай холбоо энэ оны зургаадугаар сард байгуулагдсан. Жолооч нарын эрхийн асуудлыг хөндөж, зохих ёс журмын дагуу албан бичиг боловсруулж, төрийн байгууллагуудад уламжилдаг ч нэг хариу ирдэггүй. Жишээлбэл, холбооны зүгээс наймдугаар сард МХЕГ-т албан бичиг хүргүүлсэн ч үүнийг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар луу шилжүүлсэн. Улмаар тухайн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн эзэд тус албан бичигт гарын үсэг зурж нэгдсэн жолоочдоо ажлаас халсан. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө нүүрс тээврийн жолооч нарыг ажлаас халсан нь үндсэн хууль зөрчсөн хэрэг” гэдгийг илэрхийлсэн юм.   

Хурлын төгсгөлд жолооч нар өөрсдийн эрхийн төлөө үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд эвлэлдэн нэгдсэн гэдгээ хэлээд, цаашид удаа дараа арга хэмжээ авахаа мэдэгдлээ.