Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх төлөвлөгөөгөө зарлав

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Япон улсын аж үйлдвэрийн сайд өнөөдөр хагас дамжуулагч эд ангийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх төлөвлөгөөг зарлажээ.

Ингэхдээ Toyota Motor Corp, Sony Group Corp тэргүүтэй тус улсын найман том компанийн хамтарсан охин компанийг байгуулж, засгийн газраас 70 тэрбум иений ($494 сая) дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Дэлхий дахинд шинэ үеийн хагас дамжуулагчийн зах зээлд байр суурь эзлэх өрсөлдөөн эрчимжсэн нь Япон улсыг ийм арга хэмжээ авахад хүргэжээ.

Төлөвлөгөөний дагуу энэ аравны сүүлээр шинэ компани нь 2 нанометрийн хагас дамжуулагч чипийг дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм байна.

Японы нийгмийг дижиталчлах, хүлэмжийн хийгээс салгах гол технологи нь хагас дамжуулагч болохыг тус улсын аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра сэтгүүлчидтэй уулзахдаа онцолжээ.

“Гадаадын судалгааны байгууллагууд, үйлдвэрлэгчид, ялангуяа АНУ-ын түншүүдтэй хамтрах замаар бид Японы хагас дамжуулагчийн салбарын суурийг бэхжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэж сайд энэ үеэр хэлсэн байна.

Хамтарсан шинэ компанийн нэр Rapidus ажээ.

Тус компани квантын компьютер, хиймэл оюун ухааны салбарт ашиглагдах хагас дамжуулагч чипийг хөгжүүлэх, үйлдвэрлэх чиглэлд ажиллах ажээ.

Бас энэ оны сүүлээр Leading-edge Semiconductor Technology Center (LSTC) нэртэй судалгааны шинэ хүрээлэнг байгуулахаар болсноо Нишимүра сайд мэдээлсэн байна.

Rapidus, LSTC хоёрыг Tokyo Electron Ltd хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компанийн ерөнхийлөгч асан Тэцүро Хигаши удирдаж ажиллахаар болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News