Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хамгийн орчин үеийн танк Өрнөдийнхний гарт оржээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг сар орчим хугацаанд Украины армийн явуулсан сөрөг довтолгооны үр дүнд Оросын нэлээд олон тооны танк бүрэн бүтнээрээ олзлогдсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Зарим эх сурвалж сүүлийн өдрүүдэд олзлогдсон танкийн тоог 200 хүрсэн гэж мэдээлжээ. Дайн эхэлснээс хойш Оросын армийн нийтдээ 380 танк олзлогдсон гэх баримт байдаг.

Украины тал олзны танкуудыг засаж сэлбээд эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх дайнд ашиглахаар ажиллаж байгаа гэнэ.

Харин ганцхан танкийг дайны шугамд буцааж илгээхгүй, харин гадаад руу гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Энэ нь Оросын армийн хамгийн орчин үеийн танк болох Т-90М “Прорыв” юм байна. Харьковын дэргэдээс ухрахдаа Оросын цэргүүд гинж нь тасарсан уг танкийг орхиж явжээ.

1994 онд анх Оросын армийн зэвсэглэлд нэвтэрсэн тулааны гол танкийн хамгийн сүүлд шинэчлэгдсэн хувилбар нь Т-90М юм.

Уг танк нь хамгаалалт, явах чадвар, галын хүчний хувьд маш их сайжирсан гэгддэг.

Тухайлбал их бууны стандарт сумнаас гадна танк эсэргүүцэгч пуужин (Anti-tank Guided Missiles) харвах чадвартай юм байна. 1,000 мм-ийн 12 цилиндртэй хөдөлгүүр нь засмал замаар 60 км/цаг, шороон замаар 50 км/цаг хурдлах боломж олгодог.

Мөн Реликт төрлийн сайжруулсан хуягаар нүүрэн хэсэг болон цамхгийн бүх талыг бүрсэн юм байна.

Анхны T-90M танкийг 2017 оны есдүгээр сард болсон Запад-2017 сургуулилалтын үеэр туршиж байжээ.

Уг танкийг олзолсноор Оросын шинэ үеийн зэвсэг техникийн талаар үнэтэй мэдээллийг НАТО авч чадах тухай The Economist сэтгүүлд бичсэн байна.

Хүйтэн дайны үед АНУ-ын тагнуулынхан Зөвлөлтийн T-72 танкийг олж авах гэж оролдоод хэд хэдэн удаа бүтэлгүйтэж байсан гэдэг.

Эцэст нь 1987 онд Румыний нэг зэвсгийн наймаачин АНУ-ын талд хаягдал төмөр нэрээр уг танкийг зарж байжээ.

Ийм нууц наймаа болсныг КГБ-ын агентууд хожим илрүүлж байсан юм.

Сая Украины армид олзлогдсон T-90M танкийг 2020 оны дөрөвдүгээр сард л Оросын армийн зэвсэглэлд нэвтрүүлж байсан тул шинэ зэвсэгт тооцогдож байна.

Оросын эрх баригчид Украины дайнд ийм загварын цөөн тооны танкийг оролцуулсан гэх мэдээлэл байдаг. Энэ оны дөрөвдүгээр сард Украины арми T-90M танкийг устгаснаа анх мэдээлж байв. НАТО-той мөргөлдөөн үүссэн тохиолдолд ашиглахаар 100 орчим Т-90М танкийг Оросын арми нөөцдөө хадгалж байгаа гэсэн мэдээлэл байдаг юм байна.

Эх сурвалж: Defense Updates, Business Insider